
Умард Атлантын гэрээний байгууллага НАТО-гийн гишүүн орнуудыг баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор Румын улсад байрлуулсан АНУ-ын “Ижис” системийг өнөөдөр ашиглалтад оруулах гэж байна. Энэ үйл явдал нь АНУ, ОХУ-ын байгуулсан дундын зайн тусгалтай цөмийн пуужингийн тухай гэрээг зөрчинө гэдгийг ОХУ-ын гадаад хэргийн яам анхаарууллаа.
1987 онд байгуулсан тус гэрээгээр 2 орон харилцан нэгнийхээ хилээс 500-гаас 5,500 км-ын зайд байрлуулсан дундын тусгалтай пуужингуудаа устгах үүрэг хүлээсэн байдаг. Энэ гэрээг зөрчсөн гэх ОХУ-ын зэмлэлийн хариуд НАТО болон АНУ-ын зүгээс “Ижис” систем пуужингийн байршил тогтоох, амдан устгах үүрэгтэй, довтлох бус, довтолгооноос хамгаалах зориулалтаар ашиглагдах тул ОХУ-ын аюулгүй байдалд аюул занал учруулахгүй гэж тайлбарлаж байна.
Гэвч ОХУ энэ системийг пуужингийн довтолгоонд ашиглах боломжтой учраас хоёр орны байгуулсан дундын зайн тусгалтай пуужингийн гэрээг зөрчиж, ОХУ-ын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд шууд заналхийлж байна гэж мэдэгдлээ. Өнөөдөр баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Ижис” системийг ашиглалтад оруулах ёслол Румыны өмнөд хэсэгт байрлах НАТО-гийн агаарын цэргийн баазад зохион байгуулагдах юм байна.
АНУ “Ижис” системийг хуурай газраас төдийгүй далай тэнгист байлдааны хөлөг онгоцон дээрээс туршиж ирсэн юм. Баасан гарагт Польш улсын нутаг дэвсгэрт пуужингийн довтолгооноос хамгаалах байгууламжийн шав тавих ёслол болно. 2018 он гэхэд тус байгууламжид “Ижис” пуужингийн систем ашиглалтад орох төлөвлөгөө байна.
Румын дахь "Ижис" систем хоёр улсын гэрээг зөрчиж байгааг анхааруулав | ||
Үзсэн: 1542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.