
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өртгөтгөн шинэчилж, шинээр барьж байгаа зарим чиглэлийн замын ажилтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 2012 оноос хойш улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, замын сан, Хөгжлийн банк зэрэг эх үүсвэрээс 870 тэрбум төгрөгийг замын ажилд зарцуулжээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлд 83 км зам шинээр тавьж, 175 км-ыг өргөтгөн шинэчилсэн байна. Ингэснээр нийт 260 орчим км шинэ замтай болсон гэсэн мэдээллийг Нийслэлийн Автозамын газраас өглөө. Түүнчлэн нийслэлийн авто замын бүтээн байгуулалт өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад 43 хувиар өсч, авто зам барих хурд 2.5 дахин нэмэгджээ. Засаг даргын очсон эхний газар Их Монгол Улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их тэнгэрийн ам хүртэлх 2.1 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил юм.
Энэ замыг хоёр компани гүйцэтгэж буй юм байна. Их тэнгэрийн ам руу явах замыг 1953 онд барьжээ. Тус замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж гэрэлтүүлэг, явган хүний зам, борооны ус зайлуулах хоолой зэргийг давхар хийх юм. Цаг агаарын хүндрэл гарахгүй бол энэ оны зургаадугаар сарын 20 гэхэд бүрэн нээх боломжтой гэж гүйцэтгэгч “Эрдэнэ зам” компанийн үйлдвэр эрхэлсэн захирал О.Алтантуяа хэлж байлаа. Мөн замд хагарал үүсэхээс сэргийлж БНСУ-ын мэргэжлийн компанитай хамтран бетон асфальт хоёрын дундуур нийлэг тор хийдэг технологийг ашиглаж хучилт хийх юм байна. Ингэснээр энэ замд эвдрэл гарахгүй гэж гүйцэтгэгчид тайлбарлав.
Авто зам барих хурд 2.5 дахин нэмэгджээ | ||
Үзсэн: 436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.