Шууд Chart

Токио хотын захирагчийн огцрох өргөдлийг хүлээн авчээ

2016-06-16 12:04:03

Японы нийслэл Токио хотын захирагч Ёичи Масузоэ өчигдөр албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргасан. Түүний өргөдлийг Токио хотын зөвлөл хэлэлцээд, хүлээн авахаар болсон байна. Ингэснээр Ёичи Масузоэ Токио хотын захирагчийн үүрэгт ажлаа энэ сарын 21-нд албан ёсоор хүлээлгэн өгөхөөр боллоо. Сүүлийн 7 хоногуудад тэрээр албан тушаалаа урвуулан ашигласан, улсын хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан зэрэг хэрэгт буруугүй гэдгээ нотлохоор оролдож байсан юм. Гэвч эдгээр оролдлого амжилт ололгүй, Ёичи Масузоэд итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалтыг өчигдөр явуулахаар товложээ.

Ёичи Масузоэ тус санал хураалтаас хэдхэн цагийн өмнө албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргасан байна. Токио хотын захирагчийг төсвийн хөрөнгөөр гэр бүлийн аялал зохион байгуулж, урлагийн олон арван бүтээл худалдан авсан хэрэгт буруутгаад байсан юм. Японы зарим хэвлэлд бичсэнээр 67 настай Ёичи Масузоэ 2013 онд гэр бүлийн аялалд 2 мянга гаруй доллар, дараа онд нь мөн зорилгоор 1,200 долларыг төсвийн хөрөнгөнөөс шамшигдуулсан байна.

Мөн 2012-2013 оны хооронд тэрээр 13,260 долларыг урлагийн бүтээл худалдан авахад зарцуулсан байж болзошгүй гэж орон нутгийн сонинууд уламжилж байгаа юм. Энэ асуудлаас үүдэн Токио хотын захирагч албан тушаалаасаа огцрохоор болсон нь “Токио-2020” зуны олимпийн бэлтгэл ажилд бас нэгэн бартаа болно гэж хэвлэлүүд дүгнэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Токио хотын захирагчийн огцрох өргөдлийг хүлээн авчээ   
Үзсэн: 1907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй