Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч Орландогийн халдлагад амь үрэгдэгсдийн гэр бүлтэй уулзлаа

2016-06-17 15:34:21

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Орландо хотод хүрэлцэн очиж, өнгөрсөн ням гарагт гарсан террорист халдлагад амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд, мөн халдлагаас амьд үлдсэн хүмүүстэй уулзлаа. Тэрээр ижил хүйстэн, трансжендер хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдалтай АНУ төдийгүй олон улсын түвшинд тууштай тэмцэх ёстойг энэ үеэр онцлон тэмдэглэжээ. Ням гарагт Исламын улс бүлэглэлтэй холбоо тогтоосон зэвсэгт этгээд ижил хүйстнүүд үйлчлүүлдэг шөнийн цэнгээний газарт халдлага үйлдэж, 49 хүнийг хүйс тэмтэрсэн юм.

Цаашид энэ мэт халдлага дахин гарахаас сэргийлэхийн тулд галт зэвсгийн хяналтыг чангатгахыг АНУ-ын конгресст хандан Обама уриаллаа. АНУ-ын Конгресст Бүгд найрамдах нам олонхын суудалтай. Тус намын зүгээс Орландогийн халдлага галт зэвсгийн хяналт сул байгаагаас бус, харин Обамагийн засаг захиргаа Исламын улс бүлэглэлийг нухчин дарж чадаагүйгээс үүдсэн гэж мэдэгдсэн байна.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар Орландо хотод хүрэлцэн очих үеэр, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлэхээр олон зуун хүн цугларсан байлаа. Обама Жозеф Байдений хамт Орландогийн халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөжээ. “Нью-Йорк Таймс” сонины судалгаагаар, АНУ-д ижил хүйстэн, трансжендер хүмүүс бусад цөөнхийн бүлгүүдтэй харьцуулахад ялгаварлан гадуурхалт, гэмт хэргийн золиос болох магадлал хамгийн өндөр байдаг юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын ерөнхийлөгч Орландогийн халдлагад амь үрэгдэгсдийн гэр бүлтэй уулзлаа   
Үзсэн: 1721 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй