Шууд Chart

А320 нисэх онгоцны хар хайрцгийг уснаас гарган авчээ

2016-06-17 15:43:53

Газар дундын тэнгист сүйрсэн Эйрбус А320 нисэх онгоцны хар хайрцгийг тэнгисийн гүнээс гарган авсан талаар Египетийн холбогдох албаныхан мэдээлж байна. Тавдугаар сарын 19-нд “Египет Эйр” компанийн тус нисэх онгоц 66 хүн тээвэрлэн, Парисаас Каирын чиглэлд нислэг үйлдэж явахдаа радараас холбоо тасарч, үл мэдэгдэх шалтгаанаар сүйрсэн юм. Үүнээс хойш 1 сар орчмын турш олон улсын хамтарсан баг Газар дундын тэнгист эрлийн ажиллагаа явуулж, осолдсон онгоцны их бие, хар хайрцагнуудын байршлыг тогтоохоор ажиллаж байсан юм.

Тэгвэл өчигдөр эрлийн ажиллагаанд оролцож байсан Жон Летбриж хөлөг онгоц А320 нисэх онгоцны хэсгүүд байгаа хэд хэдэн гол байршлыг олж тогтоосон талаар мэдээлэл ирсэн. Энэ мэдээлэлд үндэслэн холбогдох албаныхан хар хайрцагны санах ойг агуулсан хэсгийг илрүүлж, тэнгисийн гүнээс гарган авсан байна. Энэ санах ойд бичигдсэн мэдээллийг тайлбал А320 нисэх онгоцны сүйрлийн шалтгааныг тодруулах боломжтой гэж шинжээчид үзэж байгаа юм.

А320 нисэх онгоц яагаад сүйрсэн талаар олон таамаг яригдаж байгаа. Гэхдээ аль ч таамгийг нотлох хөдлөшгүй баримт өнөөг хүртэл илрээгүй байгаа юм. Иймээс 66 хүний амийг авч одсон тус осол алан хядагчдын ажиллагаа, эсвэл техникийн саатлаас шалтгаалан сүйрсэн эсэхийг хар хайрцагны мэдээллээс л олж тодруулах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Газар дундын тэнгисээс гаргаж авсан дуу хураагуурын хувьд нисгэгчдийн ярианаас гадна товчлууруудыг асааж унтрааж байгаа байдал, нисэх онгоцны хөдөлгүүрийн дууг хүртэл бичиж авах хүчин чадалтайгаар хийгдсэн байдаг. Иймээс нисэх онгоцны сүйрлийн талаар гол асуултуудад хариулт өгөх боломжтой юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

А320 нисэх онгоцны хар хайрцгийг уснаас гарган авчээ   
Үзсэн: 1537 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй