Шууд Chart

Өрнөдийн орнууд ОХУ-тай харилцаагаа сэргээх сонирхолтой байна

2016-06-17 16:07:21

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 20 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ оны чуулга уулзалтад урьд жилийнхээс илүү олон орны төлөөлөл оролцож байгаа гэдгээрээ онцлог болж байна. 100 гаруй орны зочид төлөөлөгч Санкт-Петербургийн чуулга уулзалтад хүрэлцэн ирсний дотор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, мөн Австрийн дэд канцлер, Кубын Сайд нарын зөвлөлийн дэд ерөнхийлөгч, Европын комиссын тэргүүн Жан Клод Юнкер, Францын ерөнхийлөгч асан Николя Саркози зэрэг өндөр дээд зочид төлөөлөл байгаа юм.

Үүнээс гадна 11 орны гадаад хэргийн сайд, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн 6 орны засгийн газрын гишүүд энэ оны уулзалтад оролцож байна. Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг хоригийг зөөлрүүлж, тус улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сэргээх сонирхол нэмэгдэж байгааг энэ оны уулзалт харуулж байгаа юм. Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт цагтаа Оросын Давос гэх нэрийг авч, тус улсын эдийн засаг, геополитикийн тавцан дахь хүчин чадавхийг илтгэн харуулдаг томоохон уулзалт байсан юм.

Гэвч ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнээс үүдэн сүүлийн 2 жилд тус чуулга уулзалтын цар хүрээ хумигджээ. Харин энэ оны чуулга уулзалтад Оросын зах зээлд эргэн нэвтрэх гэсэн компаниуд олон байгааг шинжээчид онцолж байна. АНУ-ын эрх баригчид өөрсдийн бизнес эрхлэгчдэд Санкт-Петербургийн чуулга уулзалтад оролцохгүй байх зөвлөмж гаргасан юм.

Энэ зөвлөмжийг үл харгалзан тус улсын эрчим хүчний салбарын гол тоглогч “Эксон Мобил” корпорацийн гүйцэтгэх захирал Санкт Петербургийн чуулга уулзалтад өөрийн биеэр хүрэлцэн иржээ. “Эксон Мобил” корпорациас гадна Их Британийн Бритиш Петролеум, Францын Тотал зэрэг томоохон корпорациудын тэргүүн нар Оросын эрчим хүчний салбарын талаар эерэг хүлээлттэй байгаагаа хэлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Өрнөдийн орнууд ОХУ-тай харилцаагаа сэргээх сонирхолтой байна   
Үзсэн: 1687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй