Шууд Chart

Их Британийн парламентын гишүүн халдлагад өртөж, амь үрэгдлээ

2016-06-17 16:27:32

Их Британийн парламентын гишүүн, 41 настай Жоан Кокс халдлагад өртөж, амь үрэгдлээ. Тэрээр Их Британийн сөрөг хүчний Хөдөлмөрийн намын хууль тогтоогч бөгөөд тус улсын Европын холбоон дахь гишүүнчлэлийг хадгалж үлдэх аяны идэвхтэй дуу хоолой байсан юм. Түүнийг өчигдөр тойргийнхоо иргэдтэй уулзахаар явах замд буу, хутгаар зэвсэглэсэн этгээд халдаж, аминд нь хүрчээ.

Тун удалгүй цагдаа нар хэргийн газрын ойролцоогоос 52 настай эрэгтэйг баривчилж, авч явсан зэвсгийг нь хураасан байна. Одоогоор халдлагыг ямар шалтгаанаар үйлдсэн талаар тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ гэрчүүдийн мэдээлснээр Жоан Коксын амийг хөнөөсөн этгээд Их Британийг Европын холбооноос гаргахыг дэмждэг нэгэн байсан байж болзошгүй байгаа юм.

Жоан Коксын үхэлд Их Британийн улс төр болон бусад салбарын нэр нөлөө бүхий хүмүүс гүнээ эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлж байна. Мөн гадаад орнуудаас Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар түүний үхэлд эмгэнэл илэрхийлжээ. Их Британийн иргэд Европын холбоонд үлдэх эсэхээ шийдэх түүхэн санал асуулгад оролцоход 7 хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Гэвч парламентын хүндтэй гишүүн, 2 хүүхдийн эх байсан Жоан Коксын дурсгалд хүндэтгэл үзүүлэн, санал асуулгын өмнөх кампанит ажлуудыг түр зогсоосон байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Их Британийн парламентын гишүүн халдлагад өртөж, амь үрэгдлээ   
Үзсэн: 1663 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй