Шууд Chart

НАТО-гийн цэргийн сургуулилт өнөөдөр өндөрлөнө

2016-06-17 16:41:11

Энэ сарын 6-нд Польшийн нутаг дэвсгэрт эхэлсэн НАТО-гийн цэргийн сургуулилт өнөөдөр өндөрлөж байна. 10 өдөр үргэлжилсэн “Анаконда-2016” нэртэй тус сургуулилт нь НАТО-гийн хүйтэн дайнаас хойшхи түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй сургуулилт гэдгээрээ онцлог байгаа юм.

Польш, АНУ болон НАТО-гийн бусад 17 гишүүн орон, 5 түнш орны 31 мянга гаруй цэрэг, байлдааны олон мянган техник хэрэгсэл энэ удаагийн сургуулилтад хамтран оролцлоо. Польшийн батлан хамгаалахын сайд Антоний Мацеревич гадаад орнуудын дипломат төлөөлөгчидтэй хамт хаалтын өдрийн цэргийн сургуулилтыг үзэж сонирхсон байна.

Умард Атлантын цэргийн эвсэл энэ удаагийн сургуулилтынхаа гол зорилгыг зүүн зүгээс, тодруулбал ОХУ-ын зүгээс учруулж байгаа аюул заналыг сөрөн зогсох, батлан хамгаалахын хамтарсан хүчин чадавхийг нэмэгдүүлэх хэмээн тодорхойлсон юм. Энэ удаагийн сургуулилт зорьсон зорилгодоо бүрэн хүрсэн гэдгийг Польшийн батлан хамгаалахын сайд мэдэгдлээ. Өнөөдөр Польшийн нийслэл Варшав хотноо “Анаконда-2016” сургуулилтын хаалтын ёслолыг зохион байгуулах юм байна.

Дашрамд сануулахад, энэ 7 хоногт зохион байгуулагдсан НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар Польш болон Балтын тэнгисийн Эстони, Латви, Литва улсуудад ирэх онд багтаан 4 мянган цэрэг байршуулах эцэслэсэн тохиролцоонд хүрсэн юм. Энэ тохиролцоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд нь заналхийлнэ гэж ОХУ үзэж байгаа. Ийм ч учраас НАТО-гийн цэрэг дээрх 4 улсад байршсан нөхцөлд Орос нэн даруй хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулаад байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

НАТО-гийн цэргийн сургуулилт өнөөдөр өндөрлөнө   
Үзсэн: 2457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй