Шууд Chart

Путины Япон дахь айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар санал нэгдэв

2016-06-17 17:09:30

Японы ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга Сергей Нарышкиныг Токио хотноо хүлээн авч уулзлаа. Талууд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Япон улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцсэн байна. Путин Японд айлчлах тов эдүгээг хүртэл тодорхойгүй байгаа. Гэсэн хэдий ч талууд Путины айлчлалд зориулсан бэлтгэл ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Үүнээс гадна Абэ, Нарышкин нар олон салбарт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна.

Мөн өнгөрсөн сард Оросын Сочи хотноо Путин, Абэ нарын хийсэн уулзалт, ирэх есдүгээр сард Владивосток хотноо зохион байгуулагдах Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын тухай талууд хэлэлцжээ. Владивостокийн чуулга уулзалтад Японы ерөнхи сайд оролцож, энэ үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөж байгаа юм.

Өчигдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга Нарышкин Владимир Путины нөхөрсөг мэндчилгээг Абэд дамжуулсан гэдгээ мэдэгдлээ. Энд сануулахад, Японы ерөнхий сайд сүүлийн саруудад ОХУ-тай харилцаагаа сайжруулах, мөн хоёр орны арлын маргааны асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө идэвхтэй дипломат ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Японы урилгыг хүлээн авч, тус улсад айлчилна гэдгээ мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Путины Япон дахь айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар санал нэгдэв  
Үзсэн: 1728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй