Шууд Chart

"Севоль" гатлага онгоцыг далайн гүнээс гарган авах ажил удааширч болзошгүй

2016-06-18 08:56:04

"Севоль" гаталга онгоцыг далайн гүнээс гарган авах ажил удааширч болзошгүй талаар холбогдох албаныхан мэдээлж байна. 2014 оны дөрөвдүгээр сард "Севоль" гатлага онгоц БНСУ-ын Инчонь хотоос Чежү арлыг зорьж явах замдаа живж, тус онгоцонд явсан 476 хүнээс 300 гаруй нь амь үрэгдсэн билээ. Өмнөд Солонгосын Далай, загас агнуурын яам хохирогчдын ар гэрийнхний хүсэлтээр гатлага онгоцыг далайн гүнээс гарган авах ажиллагааг өнгөрсөн ням гарагт эхлүүлсэн юм.

Тус яамны зүгээс "Севоль" хөлгийг 7-р сарын эцэс гэхэд далайн мандалд гаргасан байхаар тооцоолж байсан ч, цаг агаарын таагүй нөхцөл болон бусад шалтгаанаас үүдэн дээрх хугацаа сунжирч магадгүй болсон байна. Одоогоор "Севоль" хөлгийг өргөгч кранаар гаргах ажил хоногийн 24 цаг дамнан үргэлжилж байна. Гэвч ажлыг энэ эрчмээр өрнүүлсэн ч Севолийг хамгийн эртдээ наймдугаар сард л гарган авах боломжтой байгааг Өмнөд Солонгосын Далай, загас агнуурын яам мэдээлжээ. "Севоль" гатлага онгоц живсэн шалтгааныг тодруулах засгийн газрын тусгай ажлын хэсэг энэ сард мөрдлөгөө дуусгаж, ирэх 3 сарын дотор эцэслэсэн дүгнэлтээ гаргах юм.

Гэвч "Севоль" хөлгийн сэгт шинжилгээ хийлгүйгээр дүгнэлт гаргахыг амь үрэгдэгсдийн ар гэр болон сөрөг хүчний намын хууль тогтоогчид эрс эсэргүүцэж байна. Иймээс гатлага онгоцыг тэнгисийн гүнээс гарган авах ажлыг эрчимжүүлэхийн тулд нэмэлт хүч, тоног төхөөрөмж дайчилна гэдгээ Өмнөд Солонгосын засгийн газар мэдэгдлээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Севоль" гатлага онгоцыг далайн гүнээс гарган авах ажил удааширч болзошгүй   
Үзсэн: 3948 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй