Шууд Chart

Дүрвэгчдэд дэмжлэг үзүүлэхээр 60 гаруй алдартан нэгдлээ

2016-06-19 15:50:03

Маргааш Олон улсын дүрвэгчдийн өдөр тохиож байна. Энэ өдрийг угтан олон орны кино, телевиз, хөгжмийн салбарын 60 гаруй алдартан НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын ажилчидтай нэгдэж, дүрвэгчдийн туулж байгаа зовлон бэрхшээлийг бууруулахын тулд өргөдөл гаргажээ.

“Дүрвэгчидтэй хамт” гэх энэхүү өргөдөл хямрал мөргөлдөөн, хавчигдан гадуурхахаас дүрвэн дайжсан хүмүүст дэмжлэг цуглуулахыг гол зорилгоо болгосон байна. Европ тивийн орнуудад цагаач дүрвэгчдийн эсрэг үзэл эрчээ авч, орогнол эрэхэд ч хүндрэлтэй болсон энэ үед дээрх өргөдлийн ач тус их болохыг НҮБ онцоллоо.

2015 онд дэлхийн олон бүсэд хямрал мөргөлдөөн хурцдаж, орон гэрээсээ дүрвэн дайжих хүмүүс ч үүнийг даган нэмэгдсэн юм. Одоогийн байдлаар дэлхий даяар 60 сая гаруй хүн орон гэрээсээ, төрөлх нутгаасаа дүрвэн дайжсан гэж НҮБ тооцоолжээ. Тэдний 20 сая нь дүрвэгч болсны талаас илүү хувь нь 18-аас доош настай байгаа юм. Мөн 10 сая хүн аль ч улсын харьяалалгүйгээс иргэний суурь эрхүүдээ эдэлж чадахгүй байна.

НҮБ-ын өргөдөлд дүрвэгч хүүхэд бүрт суурь боловсрол олгох, дүрвэгч гэр бүл бүрийг амьдрах аюулгүй газраар хангах, орон гэрээсээ дүрвэн дайжсан хүн бүрийг чадваржуулах сургалтад хамрагдан ажил эрхлэх, нийгэмдээ хувь нэмэр оруулах боломжоор хангахыг уриалж байна.

Энэ аянд нэгдэгсдийн дунд “Бенжамин Баттоны хачирхалтай түүх” киногоороо үзэгчдэд танигдсан жүжигчин Кейт Бланшетт, мөн зохиолч, загвар өмсөгчид зэрэг салбар салбарын төлөөлөл багтжээ. Тэдний дэмжиж байгаа өргөдөлд хүн бүр цахимаар дуу хоолойгоо нэгтгэх боломжтой. Тус өргөдлийг ирэх есдүгээр сард зохион байгуулагдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд болох Дүрвэгчдийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дүрвэгчдэд дэмжлэг үзүүлэхээр 60 гаруй алдартан нэгдлээ   
Үзсэн: 2748 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй