Шууд Chart

Энэтхэгчүүд олон улсын иогийн өдрийг тэмдэглэнэ

2016-06-20 17:20:01

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын иргэд олон улсын иогийн өдрийг тэмдэглэхээр бэлтгэж ажилдаа оржээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2014 оны тогтоолоороо жил бүрийн зургаадугаар сарын 21-нийг дэлхийн иогийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гаргаж байсан юм.

НҮБ-ын тогтоолын дагуу дэлхий нийт иогийн өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Маргааш Шинэ Делигийн 7 тусгай цэгт олон мянган хүн цугларч, иог хийхээр төлөвлөөд байна. Энэ үйл ажиллагаанд Энэтхэгийн өнцөг булан бүрт байрладаг иогийн төвүүд оролцож байна. Иогийн өдрийг угтсан тэмдэглэлт ажиллагаа Шинэ Дели хотод 1 сарын турш зохион байгууллаа. Хотын иргэдийг иогоор идэвхтэй хичээллүүлэхийн тулд орон сууцны хорооллуудад иогийн сургалт ч зохион байгуулжээ. Хотжилт эрчимжиж, хүн бүр өдөр тутмын амьдрал дахь ажлын ачаалал, стресс, уур бухимдалтайгаа тэмцэх шаардлага тулгарч байгаа.

Иогоор хичээллэх нь сэтгэл санааг тайвшруулж, бие махбодыг эрүүлжүүлэх хялбар арга гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Маргааш Энэтхэгийн хойд хэсэгт оршдог Чандигарх хотын иогийн дасгалд тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн биеэр оролцох юм байна. Тус хотын хэд хэдэн цэгт нийт 120 мянга гаруй хүн иогийн дасгалд оролцож байгаа юм. Жил бүр олон улсын иогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх орны тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн онд нийт 190 гаруй оронд иогийн өдөртэй холбогдолтой тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулагджээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Энэтхэгчүүд олон улсын иогийн өдрийг тэмдэглэнэ   
Үзсэн: 1968 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй