Шууд Chart

Цуврал халдлагын улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ

2016-06-21 14:01:46

Өчигдөр Афганистанд гарсан цуврал халдлагын улмаас 20 гаруй хүн амь үрэгдсэн байна. Кабул хотод Канадын элчин сайдын яамыг хамгаалдаг Балбын аюулгүй байдлын албаны ажилтнуудыг тээвэрлэж явсан автобус эхний халдлагад өртөж, 14 хүн амь үрэгджээ. Үүнээс хэдхэн цагийн дараа мотоциклд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрэхэд дахин 8 хүн амиа алдаж, 18 хүн шархадсан байна.

Хоёр дахь халдлага Афганистаны зүүн хойд хэсэг дэх хүний хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвд болсон гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа учраас амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа юм. Кабулд гарсан эхний халдлагын хариуцлагыг Афганистаны Талибан бүлэглэлээс гадна "Исламын улс" алан хядагч бүлэглэл өөртөө хүлээгээд байна. Гэхдээ Талибаны зүгээс "Исламын улс" бүлэглэлийн мэдэгдлийг ор үндэсгүй болохыг мэдэгджээ.

Харин 2 дахь халдлагыг хэн зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Талибан бүлэглэл Кабул дахь халдлагыг Афганистанд байгаа Америк, НАТО-гийн цэргүүдэд анхааруулга болгож, хаана ч, хэзээ ч халдлага үйлдэх бүрэн чадавхтай гэдгээ харуулахын тулд үйлдсэн гэж тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Цуврал халдлагын улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ  
Үзсэн: 1496 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй