Шууд Chart

БНХАУ, Польшийн харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшлээ

2016-06-21 14:06:30

Өчигдөр Хятадын дарга Си Зиньпин Польшийн Ерөнхийлөгч Анджей Дудатай уулзсаны дараа хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ тухай зарласан байна. Хоёр орон 2011 онд стратегийн түншлэлийн харилцаанд дэвшиж байсан юм. Үүнээс 5 жилийн дараа Си Зиньпиний төрийн айлчлалын үеэр Хятад, Польшийн харилцаа дахин нэг шат ахиж байна. Хятад, Польшийн удирдагчид Хятад-Европыг холбосон төмөр замын нээлтийн ёслолд оролцож, Хятадаас ачаа тээвэрлэсэн галт тэрэг Варшав хотноо хүрэлцэн очиход байлцсан байна. Цахилгаан бараа, эд анги тээвэрлэсэн энэ галт тэрэгний хариуд Польшоос жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн галт тэрэг Хятадыг зорин хөдөлжээ.

Хоёр талын худалдааны харилцаа улам эрчимжиж, Польш улс Хятад, Европыг холбох гүүр болж, Хятадын “Нэг бүслүүр, нэг зам” санаачилгаар Европ, Ази, Африкийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаагаа Хятадын дарга илэрхийлсэн байна. Польш улс ч Хятадыг чиглэсэн экспортоо нэмэгдүүлэх хүсэлтэй гэдгээ энэ үеэр мэдэгджээ. Тус улс өнгөрсөн онд 2 тэрбум америк долларын бараа бүтээгдэхүүн Хятадад экспортлож байжээ. Гэхдээ энэ нь Польшийн Германд хийсэн 54 тэрбум америк долларын экспорттой харьцуулахад тун бага байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Хятадын дарга өчигдөр Польшийн Ерөнхийлөгчөөс гадна Ерөнхий сайд Беата Шидлотой уулзаж, мөн Торгоны замын чуулга уулзалт, Польш-Хятадын бүс нутгийн хамтын ажиллагаа, бизнесийн форумд оролцсон байна. Си Зиньпиний айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны тухай 11 гэрээ, санамж бичигт гарын үсэг зуржээ. Өнөөдөр Хятадын дарга гэргийн хамтаар Узбекистанд төрийн айлчлалаа эхэлнэ. Тус улсад байх хугацаандаа Си Зиньпин Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ, Польшийн харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшлээ  
Үзсэн: 1578 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй