Шууд Chart

БНАСАУ Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны бага хуралд оролцоно

2016-06-21 14:10:38

БНАСАУ-ын дипломат Чой Сон И Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны бага хуралд оролцохоор Бээжин хотноо хүрч очсон байна. Тэрээр Умард Солонгосын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудал эрхэлсэн товчооны дэд дарга бөгөөд өмнө нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх 6 талт хэлэлцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан гэдгээрээ олон улсын танил юм. Чой Сон И өнөөдөр Бээжин хотноо эхэлж байгаа 3 өдрийн бага хуралд 6 талт хэлэлцээний бусад оролцогч байсан АНУ, Өмнөд Солонгос, Япон, Орос, Хятадын төлөөлөгчидтэй хамт оролцоно.

Тус бага хурлыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн Дэлхийн хямрал, хамтын ажиллагааны хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм. Албан бус чанартай энэхүү бага хуралд улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс гадна судлаачид мөн оролцдог юм. Энэ оны хуралд Умард Солонгос нэгдсэнээр 6 талт яриа хэлэлцээний оролцогчид бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж байгаа учраас олон улсын шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаж байна.

Тус бага хуралд АНУ-аас ихээхэн ач холбогдол өгч, Умард Солонгосын бодлого эрхэлсэн тусгай төлөөлөгч Ким Суныг оролцуулна гэдгээ мэдэгдээд байгаа. Япон улс ч мөн дээгүүр албаны төлөөлөгчөө илгээж магадгүй юм байна. Гэхдээ Умардын дипломат бусад орны төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт зохион байгуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНАСАУ Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны бага хуралд оролцоно  
Үзсэн: 1773 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй