Шууд Chart

Аргентинд бүх нийтээр иогийн дасгал хийжээ

2016-06-21 14:15:23

Өнөөдөр олон улсын иогийн өдөр тохиож байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн зургаадугаар сарын 21-нийг олон улсын иогийн өдөр болгон тэмдэглэх тухай тогтоол баталсан юм. Энэ онд дэлхийн олон улс оронд иогийн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж, бүх нийтийн иогийн дасгалыг зохион байгуулж байна.

Аргентиний иогоор хичээллэгчид өчигдөр нийслэл хот Буэнос-Айрес хотдоо цуглаж, хамтарсан иогийн дасгалд оролцсон байна. Энэхүү бүх нийтийн иогийг Аргентин улсад суугаа Энэтхэгийн элчин сайдын яам, Буэнос Айрес хотын захиргаа хамтран зохион байгуулсан байна. Мөн иогийн дасгалд оролцож байгаа хүмүүсийг урамшуулан хөгжөөх зорилгоор орон нутгийн хөгжмийн хамтлагууд дасгалын үеэр хөгжим тогложээ.

Эртний Энэтхэгт үүссэн уламжлалт дасгалын нэгэн төрөл болох иог нь сэтгэл санааг тайвшруулахын зэрэгцээ бие махбодыг дасгалжуулах шилдэг арга гэж мэргэжилтнүүд үздэг юм. Өрнөдийн орнуудад иогийн дасгал 1980-аад оноос түгэн дэлгэрсэн байдаг. Харин Энэтхэгт иогийн дасгал зөвхөн бие махбод, сэтгэл санааг дасгалжуулахаас гадна бясалгалын нэг хэсэг болж, хүний оюун ухаан, сүнслэг чанарыг хөгжүүлдэг гэж үздэг байна.

Сүүлийн жилүүдэд хорт хавдар, сэтгэл мэдрэлийн эмгэг, багтраа, зүрх судасны өвчлөлийг эмчлэхэд иог хэрхэн нөлөөлж байгаа талаар олон тооны судалгаа хийгдээд байна. Иогийн дасгал тогтмол хийснээр зарим өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулдаг гэж зарим судлаач дүгнэжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Аргентинд бүх нийтээр иогийн дасгал хийжээ  
Үзсэн: 1803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй