Шууд Chart

Эль-Ниньогийн нөлөөллөөс үүдсэн гамшигт үзэгдэлд 22 хүн амиа алдлаа

2016-06-21 15:55:16

БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт өнгөрсөн бямба гарагаас эхлэн орсон ширүүн аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлэж, хэд хэдэн удаагийн хөрсний гулгалт үүссэн байна. Эдгээр гамшигт үзэгдэлд 22 хүн амиа алдаж, 20 гаруй хүн ор сураггүй байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ. Хятадын Хубэй, Сычуань, Гуйжоу, Жянши, Юньнань, Жөжян, Аньхуй зэрэг мужид үерийн гамшигтай холбогдуулан 200 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ширүүн шуурганы улмаас зарим гол мөрөн эргээсээ хальж, газар тариалангийн бүс нутгуудад хохирол учирсны зэрэгцээ 10 мянга гаруй барилга байшин нурсан талаар "Синьхуа" агентлаг мэдээллээ.

Энэ удаагийн гамшигт үзэгдэл Хятадын эдийн засагт 1.1 тэрбум америк долларын хохирол учруулсан гэж шинжээчид тооцоолж байна. Хятадын олон шинэ хотод стандартад нийцсэн ус зайлуулах систем дутагдаж байгаа юм. Энэ нь үер усны гамшгийн хор хохирол нэмэгдэх нэг гол шалтгаан болсон гэдгийг шинжээчид онцолж байна. Энэ оны хувьд Номхон далайн дулаан урсгал Эль-Ниньогийн нөлөөллөөр хур тунадасны хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулаад байсан. Эль Ниньогийн улмаас Хятад төдийгүй дэлхийн олон бүс нутагт үер, ган гачиг нүүрлэж, ойн түймэр дэгдсэнээс гадна олон га газрын ургац сүйдсэн гэдгийг шинжээчид онцолж байна.

Тухайлбал, Индонезид мөн үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүсээд байсан. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр эдгээр гамшигт амь үрэгдсэн хүний тоо 47-д хүрч, 15 хүн ор сураггүй хэвээр байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Эль-Ниньогийн нөлөөллөөс үүдсэн гамшигт үзэгдэлд 22 хүн амиа алдлаа  
Үзсэн: 1829 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй