Шууд Chart

Галт зэвсгийн хяналтыг чангатгах тухай хуулиудын төслийг хэлэлцэж байна

2016-06-21 16:25:48

АНУ-ын Орландо хотын шөнийн цэнгээний газарт зэвсэгт этгээд халдлага үйлдсэний дараа галт зэвсгийн хяналтыг чангатгах тухай асуудал тус улсын хууль тогтоогчдын дунд дахин томоохон хагарал үүсгээд байна. Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Ардчилсан намын гишүүн Крис Мерфи Орландогийн түүх давтагдахаас сэргийлж, галт зэвсгийн хуулийг чангатгахыг удаа дараа уриалсан бол энэ 7 хоногийн даваа гарагт Сенатын танхим дээрх асуудлаар хуулийн төслийг хэлэлцэж, санал хураажээ.

Галт зэвсгийн хяналтын цоорхойг нөхөж, худалдан авагчийн хувийн мэдээллийг илүү нарийвчлан шалгах тухай хуулийн төсөл батлагдахад 60 хууль тогтоогчийн санал шаардлагатай байлаа. Гэвч Бүгд найрамдах намынхан олонхийн суудалтай Сенатын танхимын 47 гишүүн дэмжиж, 53 гишүүн эсэргүүцсэнээр дээрх хуулийн төсөл батлагдсангүй. Үүнээс гадна АНУ-ын хоёр гол намын санаачилсан галт зэвсгийн хяналтын талаар хэд хэдэн хуулийн төсөл тун удахгүй Сенатын танхимаар орох гэж байна.

Эдгээр хуулийн төслийн дийлэнх нь терроризмын сэжигтэнд буу худалдаалах эсэх асуудлыг хөндсөн байгаа юм. Тухайлбал, нэг хуулийн төсөлд терроризмын сэжигтэнд буу худалдаалахыг бүрэн хориглохоор тусгасан бол өөр нэгэн төсөлд сэжигтэй этгээд галт зэвсэг худалдан авсан тохиолдолд Холбооны Мөрдөх Товчоонд мэдээлэх тухай заасан байна. Орландогийн халдлагын дараа галт зэвсгийн хяналтыг дэмжигчид нэмэгдэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Галт зэвсгийн хяналтыг чангатгах тухай хуулиудын төслийг хэлэлцэж байна   
Үзсэн: 1850 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй