Шууд Chart

БНАСАУ-ын пуужингийн туршилтууд дахин бүтэлгүйтлээ

2016-06-22 14:41:33

Өнөөдөр өглөө БНАСАУ зүүн эргээсээ дундын зайн тусгалтай баллистик пуужингийн 2 удаагийн туршилт явуулсан байна. Энэ талаар БНСУ-ын зэвсэгт хүчнээс иш татан Рёнхап агентлаг уламжилжээ. Өчигдөр Умард Солонгос пуужингийн туршилт дахин явуулахаар бэлтгэж байна гэх мэдээлэлд үндэслэн Япон улс өөрийгөө хамгаалах хүчний пуужингийн довтолгооноос хамгаалах техникээ бэлэн байдалд оруулаад байсан юм.

Харин өнөөдөр дээрх мэдээлэл үндэслэлтэй нь батлагдаж, Умард Солонгос дахин баллистик пуужин туршжээ. Рёнхап агентлагийн мэдээлснээс үзэхэд Умард Солонгос эхний удаад дундын зайн тусгалтай Мусудан пуужинг, харин хоёр дахь удаад шинэ төрлийн пуужин туршсан байж болзошгүй байна. Орон нутгийн цагаар үүрийн 6 цагийн орчимд явагдсан Мусудан пуужингийн туршилт бүтэлгүйтсэн бол үүнээс 2 цагийн дараа Умардууд шинэ пуужингаа туршсан нь мөн л амжилтгүй болжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудад Умард Солонгос баллистик пуужин туршихыг хориглосон байдаг. Гэвч тус улс зөвхөн өнгөрсөн 2 сарын хугацаанд л гэхэд 4 удаа Мусудан баллистик пуужинг туршаад байгаа юм. Дундын зайн тусгалтай Мусудан пуужин АНУ-ын цэргийн баазууд байрладаг Гуам аралд хүрэх хүчин чадалтай гэж шинжээчид тооцоолдог. Өмнөд Солонгосын зүгээс 4, 5-р сард Умардын пуужингийн туршилтууд бүгд бүтэлгүйтсэн гэж мэдээлсэн ч, Умардын пуужин харвах давтамж нэмэгдэж байгаа нь бүс нутгийн хурцадмал байдал даамжрахад хүргээд байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНАСАУ-ын пуужингийн туршилтууд дахин бүтэлгүйтлээ   
Үзсэн: 2200 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй