Шууд Chart

БНХАУ-ын дарга Узбекистаны эртний түүхт Бухар хотод айлчиллаа

2016-06-22 14:44:07

Өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин Польш улс дахь төрийн айлчлалаа өндөрлөсний дараа Узбекистан улсад хүрэлцэн очлоо. Узбекистан, Хятадын харилцаа 2012 онд стратегийн түншлэлийн харилцаанд дэвшсэн бол дараа онд нь Си Зиньпин тус улсад төрийн айлчлал хийж байсан түүхтэй. Хятад улс Узбекистаны худалдааны 2 дахь том түнш бөгөөд хамгийн том хөрөнгө оруулагчаар 3 дахь жилдээ дараалан тодроод байна.

Хятадын дарга Узбекистан дахь айлчлалаа Торгоны зам дамжин өнгөрдөг байсан эртний түүхт Бухар хотод зочилсноор эхэллээ. Тэрээр өөрийн гэргий Пэн Лиюань, Узбекистаны ерөнхий сайд Шавкат Мирзиёевийн хамт тус хотод очсон байна. 2,500 гаруй жилийн түүхтэй Бухар хот олон зуун жилийн турш худалдаа, шинжлэх ухаан, соёл, шашны төв бүс нутаг байсаар ирсэн юм. Хятадын дарга, тэргүүн хатагтай нар энэхүү түүхт хотод дундад зууны үеийн цайз, 10-р зууны үед баригдсан Саманидын бунхан, исламын шашны Пои-Калян цогцолбор, мөн Бухар хотын үнэт өвийн тусгал болсон хивс, торгоны үйлдвэрт зочилсон байна.

Бухар хотоор хийсэн аялал Хятад, Узбекистаны харилцааны түүхэн замналыг гүн гүнзгий ойлгоход чухал хувь нэмэр оруулсныг Си Зиньпин онцолсон байна. Мөн тэрээр эртний Торгоны замыг орчин цагт сэргээн байгуулах Хятадын “Нэг бүслүүр, нэг зам” санаачлагад тулгуурлан, 2 орны ард түмний найрамдалт харилцааг өргөжүүлэхийг уриаллаа. Одоо Си Зиньпин Узбекистаны нийслэл Ташкент хотод хүрэлэн очиж, тус улсын ерөнхийлөгч Ислам Каримовтой уулзах юм. Хоёр тал “Шинэ торгоны зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн анхаарал татсан гол асуудлуудыг хэлэлцэнэ. Маргаашаас эхлэн Хятадын дарга Ташкентад зохион байгуулагдаж байгаа ШХАБ-ын 2 өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Энэ хүрээнд Си Зиньпин Монгол, Хятад, Оросын 3 талт уулзалтыг даргалах юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-ын дарга Узбекистаны эртний түүхт Бухар хотод айлчиллаа   
Үзсэн: 1739 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй