Шууд Chart

Пабло Пикассогийн алдарт бүтээл 63.4 сая доллараар зарагджээ

2016-06-22 16:06:22

Их Британийн нийслэл Лондон хотноо Сотбис корпорацийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн уран бүтээл өндөр үнэд хүрсэн байна. Кубизм болон сюрреалист урсгалаар туурвисан “Сууж буй эмэгтэй” нэрт хөрөг зураг 63.4 сая америк доллараар зарагджээ.

Пабло Пикассогийн “Сууж буй эмэгтэй” хөргийн эзэн нь Францын уран бүтээлч, Пикассогийн модель төдийгүй амраг байсан Фернанд Оливье юм. Пикассогийн урын санд “Сууж буй эмэгтэй” хөргөөс гадна кубизмын урсгалаар туурвисан Оливьегийн 60 гаруй хөрөг байдаг. Кубизмын урсгалаар туурвисан Пикассогийн уран бүтээл Сотбис корпорацийн дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол энэ болж байна.

Мөн “Сууж буй эмэгтэй” хөрөг зураг Лондон хотын урлагийн бүтээлийн дуудлага худалдаагаар 2010 оноос хойш хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээлээр тодорч байгаа юм. Лондоны дуудлага худалдаагаар Пикассогийн бүтээлээс гадна Эдвард Мунк, Камиль Писсарро, Эдгар Дега, Пьер Огюст Ренуар зэрэг алдарт зураачдын бүтээл худалдаалагдсан байна. Тэдний уран зургаас Сотбис корпораци нийтдээ 100 сая фунт стерлингийн ашиг олжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Пабло Пикассогийн алдарт бүтээл 63.4 сая доллараар зарагджээ  
Үзсэн: 2558 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй