Шууд Chart

Японы парламентын дээд танхимын сонгуулийн кампанит ажил эхэллээ

2016-06-22 16:23:00

Японы парламентын дээд танхимын сонгууль ирэх сарын 10-нд болно. Өнөөдөр тус сонгуулийг угтсан нэр дэвшигчдийн кампанит ажил албан ёсоор эхэлж байна. Японы парламентын дээд танхим нийт 242 гишүүнээс бүрддэг бөгөөд 3 жил тутамд эдгээр хууль тогтоогчийн тэн хагасыг шинэчлэн сонгодог юм. Ингэхдээ 121 гишүүний 73-ыг мажоритар, 48 гишүүнийг пропорциональ тогтолцооны дагуу тодруулдаг байна.

Японы парламентын дээд танхимын энэ оны сонгуульд 387 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Эдгээр нэр дэвшигч ирэх сарын 9-нийг хүртэл 18 өдрийн турш сонгуулийн кампанит ажлаа зохион байгуулна. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт Японы эдийн засаг, аюулгүй байдлын хэд хэдэн гол асуудал олны анхаарлыг татаж байгаа. Эдгээрийн дунд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн “Абэномикс” эдийн засгийн бодлого, өнгөрсөн гуравдугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Японы Үндэсний аюулгүй байдлын шинэ хууль зэрэг багтаж байна. Шинзо Абэгийн тэргүүлдэг Либерал ардчилсан нам парламентын дээд танхимд хамгийн олон буюу 116 суудалтай юм.

Тус нам энэ байр сууриа хадгалж, олонх болохын тулд энэ удаагийн сонгуульд 61 суудлыг өөрийн болгох шаардлагатай. Энэ оны сонгууль хэд хэдэн талаараа өмнөх жилүүдийн сонгуулиудаас онцлогтой байна. Тухайлбал, Японы хууль тогтоогчид сонгуулийн эрх бүхий иргэдийн насны доод хязгаарыг 20 наснаас 18 нас болгон бууруулсан. Ингэснээр Японы 18, 19 настай 2.4 сая иргэн анх удаа сонгуульд оролцох гэж байгаа юм. Мөн сонгуулийн тойргуудыг шинэчлэн хувааж, хүн ам шигүү суурьшсан бүсүүд дэх тойргийг нэмсэн гэдгийг тус улсын эрх баригчид онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японы парламентын дээд танхимын сонгуулийн кампанит ажил эхэллээ  
Үзсэн: 2646 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй