Шууд Chart

Улаан тэнгисийн арлуудыг Саудын Араб улсад шилжүүлэх гэрээг хүчингүй болголоо

2016-06-22 16:25:45

Египетийн шүүх Улаан тэнгис дэх 2 арлыг Саудын Арабын хяналтад шилжүүлэх Засгийн газрынхаа шийдвэрийг хүчингүй болголоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль-Сиси Саудын Арабын ван Салманы айлчлалын үеэр Улаан тэнгист оршдог Тиран, Санафир гэх хоёр арлыг шилжүүлэх шийдвэрээ зарласан юм. Персийн булангийн аманд байрладаг эдгээр арал дээр хүн оршин суудаггүй бөгөөд Израиль, Йордан, Египет, Саудын Арабын хоорондох Улаан тэнгисийн стратегийн чухал ач холбогдолтой бүсэд тооцогддог. Египет улс 1950 оноос хойш Саудын Арабын хүсэлтээр эдгээр арал дээр цэрэг байршуулж, өнөөг хүртэл хяналтандаа байлгаж ирсэн юм байна.

Арлуудыг Саудын Арабын хүлээлгэн өгөх Сисигийн шийдвэрийг Египетийн ард иргэд эрс шүүмжлэлтэй хүлээн авсан. Олон тэрбум долларын тусламж үзүүлнэ гэх амлалтад дулдуйдан арлуудаа худалдсанаас өөрцгүй шийдвэр гаргалаа гэж тус улсын иргэд засгийн газраа шүүмжилж байсан. Мөн асуудлаар олон тооны эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бөгөөд 150 гаруй хүн үймээн өдөөсөн хэргээр баривчлагдсан юм. Египетийн Ерөнхийлөгч 2 арал анхнаасаа Саудын Арабын харьяа байсныг ард түмэндээ сануулж байгаа нь амжилт олох шинжгүй байна.

Өчигдөр Египетийн захиргааны хэргийн шүүх арлуудыг шилжүүлэн өгөх тухай дөрөвдүгээр сард баталсан гэрээг хүчингүй болгожээ. Энэ шийдвэрийг давж заалдана гэдгээ Египетийн Засгийн газар мэдэгдээд байна. Гэхдээ тус улсын захиргааны хэргийн дээд шүүх эхний шийдвэрийг хэвээр үлдээвэл арлуудын талаарх гэрээг хүчингүй болгох шийдвэр заавал биелэгдэх шинжтэй болно гэдгийг шинжээчид хэлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Улаан тэнгисийн арлуудыг Саудын Араб улсад шилжүүлэх гэрээг хүчингүй болголоо   
Үзсэн: 2460 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй