Шууд Chart

Конго улсын дэд ерөнхийлөгч асанд 18 жилийн хорих ял оноолоо

2016-06-23 10:16:46

Олон Улсын Эрүүгийн Шүүхээс Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын дэд ерөнхийлөгч асан Жан-Пьер Бембад 18 жилийн хорих ял оноолоо. Жан-Пьер Бембаг дайны цагийн гэмт хэрэгт буруутай гэж шүүх үзсэн байна. Түүний захиргаанд байсан цэргүүд Төв Африкийн бүгд найрамдах улсад үйлдсэн харгислалын төлөө Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

2002 онд Жан-Пьер Бемба Төв Африкт гарсан төрийн эргэлтийг таслан зогсоохын тулд мянган цэрэг илгээсэн түүхтэй. Гэвч 2002-2003 оны хооронд Бембагийн илгээсэн цэргүүд Төв Африкийн энгийн номхон иргэдийг балмадаар хүйс тэмтэрч, дээрэмдэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Өөрийн харьяа цэргүүдийн сахилга батыг чангатгаж, дээрх харгислалыг таслан зогсоогоогүйнх нь төлөө Олон улсын эрүүгийн шүүх Ардчилсан Конгийн дэд ерөнхийлөгч асанд ял оноосон байна.

Бембаг 2008 оны тавдугаар сард баривчилснаас хойш өнөөг хүртэл албадан саатуулсан. Энэ хугацааг түүнд оноосон 18 жилийн хорих ялаас хасч тооцно гэж шүүх тайлбарлалаа. Бембагийн өмгөөлөгчид Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шийдвэрийг шударга бус гэж үзэж, давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Конго улсын дэд ерөнхийлөгч асанд 18 жилийн хорих ял оноолоо   
Үзсэн: 2068 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй