Шууд Chart

Энэтхэгт 90 орчим хүн аянганд цохиулж, амиа алджээ

2016-06-23 12:18:36

Энэтхэгийн 4 мужид 90 орчим хүн аянганд цохиулсны улмаас амь үрэгджээ. Тус улсад борооны улирал эхэлж, олон хот тосгоны ган гачиг тайлагдаж байна. Гэвч аянга цахилгаантай борооны улмаас газар тариалангийн бүсийн ядуу буурай иргэд аянганд цохиулж, амь насаа алдах нь ихэссэн байна.

Энэтхэгийн зүүн хэсэгт оршдог Бихар мужид хамгийн олон буюу 57 хүн аянганд цохиулж, нас баржээ. Мөн Энэтхэгийн хойд хэсэг дэх Уттар-Прадеш мужид 17 хүн, зүүн хэсгийн Жаркханд мужид 10 хүн, Мадхья-Прадеш мужид 6 хүн мөн шалтгаанаар амиа алдсан ажээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь тариалангийн талбайн ажилчид, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.

Энэ нь тариалангийн талбайд аянганаас хоргодох газар хомс байдагтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Энэтхэгт борооны улиралд дуу цахилгаантай бороо орох нь элбэг байдгийг холбогдох албаныхан хэлж байна. Тус улсын Засгийн газрын тооцоогоор 2014 онд нийт 2.582 хүн борооны улиралд аянганд цохиулж, амиа алджээ. Жил бүр ийнхүү дунджаар 2 мянга орчим хүний амийг авдаг аянга цахилгаан Энэтхэгт амь насанд аюултай гамшигт үзэгдлийн жагсаалтад дээгүүр байрт бичигдэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Энэтхэгт 90 орчим хүн аянганд цохиулж, амиа алджээ   
Үзсэн: 2434 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй