Шууд Chart

БНХАУ, Узбекистан дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтарна

2016-06-23 14:21:47

БНХАУ-ын дарга Си Зиньпин Узбекистан улстай дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад хамтран ажиллахад бэлэн гэдгийг өчигдөр мэдэгдлээ. Тэрээр Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов, сангийн сайд Рустам Азимов нарын хамт Ангрен, Пап хотуудыг холбосон төмөр замын нээлтийн ёслолыг шууд холболтоор үзэж сонирхсон байна. Ангрен, Папын цахилгаанжсан төмөр замын шугам байгуулах 1.6 тэрбум америк долларын төслийг Хятадын Төмөр замын компани Узбекистаны талтай хамтран гүйцэтгэсэн юм.

Энэ төмөр зам нээгдсэнээр Узбекистан улс хөрш Тажикстаны нутгаар дамжин өнгөрдөг Зөвлөлтийн үеийн төмөр замыг ашиглалтаас гаргаж, жилд 25 сая доллар хэмнэх боломж нээгдлээ. Үүнээс гадна 129 км урттай тус төмөр зам Хятадын “Нэг бүслүүр, Нэг зам” бодлогын Хятад-Киргиз-Узбекистаныг холбох, улмаар цааш Европ тивд нэвтрэх зорилготой чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг шинжээчид онцолж байна.

Хятадын дарга Си Зиньпин Торгоны замыг шинээр бүтээн байгуулахад Узбекистан улсын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлоод, тус улстай дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад цаашид ч хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ, Узбекистан дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтарна  
Үзсэн: 2070 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй