Шууд Chart

Японд хөрсний гулгалтаас үүдэн зургаан хүн амиа алджээ

2016-06-23 15:40:35

Японы баруун өмнөд хэсэгт оршдог Кумамото мужид ширүүн аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд нүүрлэсэн байна. Холбогдох албаны мэдээлснээр эдгээр гамшигт үзэгдэлд 6 хүн амь үрэгджээ. Гол мөрөн үерлэж, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй байгаа учраас Кумамото мужийн ард иргэдийг сэрэмж болгоомжтой байхыг Японы цаг уурын агентлаг анхааруулаад байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Кумамото мужид 2 удаагийн хүчтэй газар хөдлөлт болж, олон арван хүн амь үрэгдсэн билээ. Газар хөдлөлтөд өртсөн бүс нутгуудын хөрс суларсан байгаа нь хөрсний гулгалт үүсэх аюулыг нэмэгдүүлсэн гэж судлаачид тайлбарлаж байна. Өнгөрсөн өдрүүдэд Кумамото, Миязаки мужуудын зарим хэсгээр цагт 100 мм хур тунадас унасан байна. Кумамото мужийн Минамиасо тосгон, мөн Машики суурин дөрөвдүгээр сарын газар хөдлөлтөд ихээхэн хохирол амссан юм.

Тус хоёр бүсэд хөрсний гулгалт үүсэх эрсдэл өндөр байгаа учраас оршин суугчдад орон гэрээсээ хол, аюулгүй газарт түр хоргодохыг холбогдох албаныхан зөвлөж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японд хөрсний гулгалтаас үүдэн зургаан хүн амиа алджээ  
Үзсэн: 2544 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй