Шууд Chart

Европын холбооны гишүүнчлэлээс татгалзах санал давамгайлж байна

2016-06-24 14:04:00

Их Британи Европын холбоонд үлдэх эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулга өчигдөр зохион байгуулагдсан. Тус санал асуулгын санал тоолох ажил тун удахгүй өндөрлөх гэж байна. Нийт саналын 95,8 хувийг тоолсны дараах байдлаар Европын холбооны гишүүнчлэлээс татгалзахын төлөө саналтнууд 51,8 хувиар тэргүүлж, гишүүнчлэлээ хадгалан үлдэхийг дэмжигчид 48,2 хувиар нэхэж байна. Бүс нутгуудын санал тооллогын дүн ээлж дараалан зарлагдах хооронд Европын холбоог орхихын төлөөх аян тэргүүлэх байр сууриа аажмаар бэхжүүлж байна.

Энэ үр дүнгээс улбаатайгаар фунт стерлингийн америк доллартай харьцах ханш, 1985 оноос хойш байгаагүй доод түвшинд хүрч, 1,35 америк долларын ханштай болсон байна. Их Британи Европын холбоог орхих хэрэгтэй гэх талыг баримтлагсад ялалт байгуулбал Дэвид Кэмероныг огцруулахаар шаардана гэдгээ зарлалаа. Саналын тооллогын дүн гарсан бүс нутгууд Их Британийн ард иргэд хэрхэн санал хуваагдсан байгааг бэлхнээ харуулж байна. Зүүн Мидленд, Зүүн Англичууд Европын холбооноос гарахыг хамгийн хүчтэй дэмжсэн бол Лондончууд болон Гибралтарын иргэд үлдэхийн төлөө хамгийн олон хувийн санал өгчээ.

Их Британийн хамгийн залуу сонгогчидтой Ноттингем хот Европын холбооноос гарахын төлөө санал өгсөн болохыг хэвлэлүүд онцолж байна. Их Британийн өсвөр болон залуу үеийнхний хувь заяаг шийднэ гэдэг утгаар энэ удаагийн бүх нийтийн санал хураалтад залуучуудын дуу хоолой ямар байгааг шинжээчид анхааралтай ажиглаж байгаа юм. Тэгвэл сонгуулийн насны хүн амынх нь 3 хүн тутмын нэг 25-аас доош настай Ноттингем хот Европын холбоог орхих нь зүйтэй гэж үзжээ. Харин Шотландын иргэдийн 62 хувь, Умард Ирландын иргэдийн 55 хувь Европын холбоонд үлдэхийг илүүд үзсэн байна. Их Британийн санал асуулгын эцсийн дүн Европын холбоог орхихын төлөө гарсан тохиолдолд Шотланд, Умард Ирландын зарим нам эвсэл Их Британиас салан тусгаарлах мэдэгдэл гаргана гэх цуу яриа ч дэгдээд байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Европын холбооны гишүүнчлэлээс татгалзах санал давамгайлж байна  
Үзсэн: 2511 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй