Шууд Chart

Их Британичууд Европын холбоог орхих нь тодорхой болж байна

2016-06-24 14:30:43

Өчигдөр зохион байгуулагдсан Их Британи Европын холбоонд үлдэх эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулгын санал тоолох ажил тун удахгүй өндөрлөх гэж байна. Нийт саналын 98,7 хувийг тоолсны дараах байдлаар Европын холбооны гишүүнчлэлээс татгалзахын төлөө саналтнууд 51,8 хувиар тэргүүлж, гишүүнчлэлээ хадгалан үлдэхийг дэмжигчид 48,2 хувиар нэхэж байна.

Ингэснээр санал асуулгын эцсийн дүн бараг гарцаагүй болж, Их Британичууд Европын холбоог орхихоор шийдвэрлэлээ. Энэ үр дүнгээс улбаатайгаар фунт стерлингийн америк доллартай харьцах ханш, 1985 оноос хойш байгаагүй доод түвшинд хүрч, 1,35 америк долларын ханштай болсон байна. Түүнчлэн брент маркийн газрын тосны үнэ 6,5 хувиар унасан мэдээ мөн ирж байгаа юм.

Их Британи Европын холбоог орхих хэрэгтэй гэх талыг баримтлагсад санал Ерөнхий сайд Дэвид Кэмероныг огцруулахаар шаардана гэдгээ зарлалаа. Саналын тооллогын дүн гарсан бүс нутгууд Их Британийн ард иргэд хэрхэн санал хуваагдсан байгааг бэлхнээ харуулж байна. Зүүн Мидленд, Зүүн Англичууд Европын холбооноос гарахыг хамгийн хүчтэй дэмжсэн бол Лондончууд болон Гибралтарын иргэд үлдэхийн төлөө хамгийн олон хувийн санал өгчээ.

Их Британийн хамгийн залуу сонгогчидтой Ноттингем хот Европын холбооноос гарахын төлөө санал өгсөн болохыг хэвлэлүүд онцолж байна. Их Британийн өсвөр болон залуу үеийнхний хувь заяаг шийднэ гэдэг утгаар энэ удаагийн бүх нийтийн санал хураалтад залуучуудын дуу хоолой ямар байгааг шинжээчид анхааралтай ажиглаж байсан юм. Тэгвэл сонгуулийн насны хүн амынх нь 3 хүн тутмын нэг 25-аас доош настай Ноттингем хот Европын холбоог орхих нь зүйтэй гэж үзжээ. Харин Шотландын иргэдийн 62 хувь, Умард Ирландын иргэдийн 55 хувь Европын холбоонд үлдэхийг илүүд үзсэн байна. Их Британийн санал асуулгын эцсийн дүн Европын холбоог орхихын төлөө гарсан тохиолдолд Шотланд, Умард Ирландын зарим нам эвсэл Их Британиас салан тусгаарлах мэдэгдэл гаргана гэх цуу яриа ч дэгдээд байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Их Британичууд Европын холбоог орхих нь тодорхой болж байна  
Үзсэн: 2480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй