Шууд Chart

“Солар импульс” Атлантын далай дээгүүр нислэг үйлдлээ

2016-06-27 18:30:00

Нарны эрчим хүчээр тэжээгддэг “Солар Импульс” нисэх онгоц Атлантын далай дээгүүрх анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. Тус нисэх онгоц даваа гарагт АНУ-ын Нью-Йорк хотоос аян замдаа гарч, дөрөв хоногийн дараа Испани улсад газардсан байна. Өнгөрсөн зуунуудад бүтээгдсэн олон төрлийн тээврийн хэрэгслийн чадал чансааг Атлантын далайг гатлах аян зам л тодорхойлж ирсэн. Иймээс энэ удаагийн нислэг “Солар Импульс”-ийн хувьд түүхэн чухал үйл явдал гэдгийг тус нисэх онгоцны хоёр нисгэгч онцлон тэмдэглэжээ.

Нислэгийн дундуур “Солар Импульс”-ийн хоёр нисгэгч далайн мандлыг зүсэн яваа халимын сүрэг, Хойд туйлын ойролцоо хөвж байсан мөсөн уул зэрэг гайхалтай зураглалыг олж харсан байна. “Солар Импульс” нисэх онгоцыг бүтээсэн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, үүний улмаас ховордож байгаа амьтан, ургамлыг хамгаалахад оршиж байгааг нисгэгчид хэлж байгаа юм. Та бүхэнд сануулахад, 2.3 тонн жинтэй “Солар Импульс” нисэх онгоц цагт дээд тал нь 140 км хурдлах хүчин чадалтай.

Тус нисэх онгоцны 72 метр далавчин дээр нарны гэрлээс эрчим хүч үүсгэгч 17,000 гаруй хавтан суурилуулсан байгаа юм. Эдгээр хавтан өдрийн цагт “Солар Импульс”-ийн баттерейг цэнэглэж, шөнө нислэг үйлдэх нөөц эрчим хүчийг цуглуулдаг байна. Дэлхийн улс орнуудад даяаршил, хамтын ажиллагаа эрчимжихийг даган агаарын тээврийн салбар хүлэмжийн хий ялгаруулалтад жинтэй хувь эзлэх болсон. 1990-2006 оны хооронд нислэгийн салбарын хүлэмжийн хий ялгаруулалт 87 хувиар өссөн мэдээ байгаа юм. Нарны эрчим хүчээр тэжээгддэг “Солар Импульс” нисэх онгоц энэ салбарт анхдагч гэдэг утгаараа хувьсал хийж, байгальд ээлтэй болгон чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

“Солар импульс” Атлантын далай дээгүүр нислэг үйлдлээ   
Үзсэн: 2989 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй