
МҮБХ санаачилж, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөд бөхийн цол олгох асуудлыг цэгцлэх нэг заалт бөх сонирхогчдын гайхшралыг төрүүлж байна. Энэ нь 1024 бөх барилдахад үзүүр, түрүүнд ямар цолтой бөх үлдсэнээс хамааран олгогдох цолны тухай юм. Өөрөөр хэлбэл, одоогийн үйлчилж байгаа хууль 512 бөх барилдахад асуудал дагуулахгүй ч 1024 бөх барилдсан үед өгүүлбэрийн өөрчлөлт хийхгүй бол төөрөгдөл төрүүлэх магадлал их байна.
Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож байгаа тул 1024 бөх зодоглоно. Төдий тооны бөх барилдана гэдэг нь улсын наадам 10 даваатай болно гэсэн үг.
Монгол Улсын Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7.1-д Улсын баяр наадамд
- Тав давсан бөхөд - начин
- Зургаа давсан бөхөд - харцага
- Долоо давсан бөхөд - заан
- Найм давсан бөхөд - гарьд
- Ес давсан бөхөд - арслан
- Улсын арслан цолтон түрүүлбэл улсын –аварга- цол олгоно гэж заасан байдаг.
Энэ нь 512 болон 1024 бөх барилдхад хамаарахгүйгээр олгогдох зарчимтай бөгөөд өнгөрсөн хугацааны нөхцөл байдлаас үндэслэн хуулийн заалтад дараах байдлаар өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байна.
Одоогийн мөрдөгдөж байгаа буюу УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын 2013 онд өөрчлөлт оруулсан Үндэсний их баяр наадмын хуулиар наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд Улсын баяр наадамд түрүүлсэн улсын арслан цолтон ес давж үзүүрлэвэл үзүүр, түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгох, түүнчлэн улсын далай аварга цолыг хасахаар болгосон.
Тодруулбал, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7.2-т Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын Арслангаас бага цолтой бөх ес давбал үзүүр, түрүүний барилдааны өмнө Арслан цол олгож, арав давбал Аварга цол олгоно гэсэн нь бий.
Яг энэ заалтыг барихаар улсын арслангаас дээш цолтой бөх үзүүрлэвэл ямар цол олгох вэ гэдгээс эхлээд маргаан дагуулдаг. МҮБХ-ны үзэж буйгаар дээрх 7.2-т заасан үзүүр, түрүүний барилдааны өмнө арслан цол олгоно гэсэн өгүүлбэрийг хасах саналтай байгаа. Гол өөрчлөлт нь энэ юм. Ингэсэн тохиолдолд,
- Улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтон ес давж үзүүрлэвэл - аварга
- Улсын аварга цолтон үзүүрлэвэл улсын – даян аварга
- Улсын даяан аварга цолтон үзүүрлэвэл - дархан аварга
- Улсын арслан цолтон 10 давж түрүүлбэл улсын - даян аварга
- Улсын даян аварга цолтон түрүүлбэл улсын - дархан аварга цол олгоно гэж өөрчлөн найруулах бололтой.
Ингэж өөрчилбөл, Улсын наадамд түрүүлээгүй бөх ес юм уу, арав давсан тохиолдолд аварга цол олгох асуудал яригдахгүй. Улсын наадамд түрүүлсэн арслан, аварга цолтой бөхчүүд ес давж үзүүрлэхэд дараагийн цолоо авах боломжтой болох аж. Өмнө нь ес давж үзүүрлэсэн бөх ес давж үзүүрлэвэл баяр наадмын хуулийнхаа дагуу чимэг авна. Дархан аварга цолтой бөх түрүүлбэл чимгээ авна гэсэн үг. Түүнчлэн өмнө нь түрүүлээгүй арслан цолтон үзүүрлэвэл аварга цол олгохгүй. Нэг үгээр хэлбэл, өмнө нь 1024 бөх барилдсан наадамд үзүүрлээд арслан цолтой болсон бөх дахин ес давж үзүүрлэвэл аварга цол авах боломжгүй. Аварга цолыг түрүүлж байж л хүртэнэ гэсэн үг болж байна.
Улсын наадамд түрүүлээгүй бөх ес юм уу, арав давсан тохиолдолд аварга цол олгох асуудал яригдахгүй | ||
Үзсэн: 2684 | Mongolian National Broadcaster |