Шууд Chart

Панамын сувгийн шинэ өргөтгөл ашиглалтад орлоо

2016-06-28 12:39:03

Өчигдөр Панамын сувгийн өргөтгөл албан ёсоор нээгдэж, 9 мянга гаруй чингэлэг ачсан БНХАУ-ын хөлөг онгоц тус өргөтгөлөөр Атлантын далайгаас Номхон далайд зорчсон анхны хөлөг онгоц боллоо. Панамын сувгийн өргөтгөлийг нээх ёслолд Панамын ерөнхийлөгч Хуан Карлос Варела, Чилийн ерөнхийлөгч Мише́ль Бачеле́т, Тайванийн ерөнхийлөгч Цай Инвэнь нар оролцсон байна. Хуан Карлос Варела Панамын сувгийг өргөтгөснөөр далайн тээврийн салбарт шинэ эрин ирж байгааг энэ үеэр онцлон тэмдэглэжээ.

Панамын сувгийг 77 км урт шинэ эгнээгээр өргөтгөх ажил 2007 онд эхэлсэн бөгөөд нийт 30 орчим мянган ажилчин гар бие оролцсон юм. Та бүхэнд сануулахад, Панамын сувгийг анх АНУ байгуулж, одоогоос 102 жилийн өмнө буюу 1914 онд анх ашиглалтад оруулсан түүхтэй. Иймээс тус суваг байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон 2014 онд шинэ өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан юм.

Гэвч хэд хэдэн удаагийн ажил хаялт, мөн үнэ өртөгтэй холбогдсон маргаанаас үүдэн 5,2 тэрбум америк долларын өртөгтэй өргөтгөл ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл хойшилсон байна. 1999 онд Панамын мэдэлд шилжсэн тус суваг өнөөг хүртэл 10 тэрбум америк долларын ашиг орлого улсдаа оруулсан гэх тооцоо бий. Шинэ өргөтгөл ашиглалтад орсноор илүү том оврын хөлөг онгоцууд Панамын сувгаар дамжин өнгөрөх боломж нээгдэж, сувгаас олох ашиг орлого ч нэмэгдэнэ гэж шинжээчид дүгнэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Панамын сувгийн шинэ өргөтгөл ашиглалтад орлоо  
Үзсэн: 2567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй