Шууд Chart

Йемений өмнөд хэсэгт "Исламын улс" бүлэглэл цуврал халдлага үйлджээ

2016-06-29 10:02:07

Йемен улсын өмнөд бүс нутагт "Исламын улс" алан хядагч бүлэглэл хэд хэдэн удаагийн цуврал халдлага зохион байгуулсан байна. Аюулгүйн хүчнийхний мэдээлж байгаагаар, Мукалла боомт хотод гарсан эдгээр халдлагад нийт 38 хүн амь үрэгдэж, 24 хүн шархаджээ. "Исламын улс" бүлэглэл цахим сүлжээнд өөрийн харьяа Амак мэдээллийн агентлагаар дамжуулан халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн байна.

Холбогдох албаныхны мэдээлснээр, эхний амиа золиослогч Мукалла хотын баруун хэсэг дэх шалган нэвтрүүлэх цэгт тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Хоёр дахь халдлагыг автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөгний тусламжтайгаар Мукалла хотын тагнуулын байгууллагын төв байранд үйлдсэн байна. Үүнээс гадна Мукалла хотын шалган нэвтрүүлэх цэг, цагдаагийн хэсэгт тус тус халдлага гарчээ.

Йемен улсад нүүрлээд байгаа иргэний дайн хямралыг далимдуулан исламын хэт даврагч бүлэглэлүүд тус улс дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байна. Мукалла хот далайн тээврийн чухал зангилаа бүс нутагт тооцогддог. Тус хотыг Арабын хойгийн Аль Каида бүлэглэл гол түшиц газраа болгоод байсныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Йемен, Арабын Нэгдсэн Эмирт улсын цэргүүд хамтран чөлөөлсөн юм. Гэсэн хэдий ч тус хотод "Исламын улс", Аль Каида бүлэглэлийн зэвсэгт дайчид үйл ажиллагаа явуулсан хэвээр байгааг Ройтерс агентлаг уламжилж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Йемений өмнөд хэсэгт "Исламын улс" бүлэглэл цуврал халдлага үйлджээ   
Үзсэн: 1565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй