Шууд Chart

“Увс нуур” галыг улсын арслан Б.Ганбат анх удаа ахалж байна

2016-06-30 10:27:14

Наадам эхлэхэд яг 10 хоногийн хугацаа үлдлээ. Монголчууд наадамдаа хэрхэн бэлтгэж байгааг сурвалжлах ажлыг ихэнхи сонин, сайт, телевиз жилийн жилд заавал хийх ажлын төлөвлөгөөндөө багтаадаг.

Наадамчид, уяачид, бөхчүүд наадам хаяанд ирснийг үүнээс л мэдэрч, галд нэгдсэн бөхчүүдийн бяр хэрхэн тэгширснээр баяр цэнгэлийнхээ өнгийг шинждэг.

Энэ жил сонгуультай байсан тул бөхчүүдийн бэлтгэл сургуулилтад их, бага хэмжээгээр нөлөөлжээ. Нутаг орноос олгох замын зардлаа хүлээх нь хүлээж, нутгийн ах нараа дэмжин, сурталчилгаанд нь явсан нь ч байв. Ингэж явсаар тэд саяхнаас л үндсэн бэлтгэлдээ жигдэрчээ.

Энэ жил зуншлага сайхан болж байна. Ногоон тэрлэг дэлгэсэн мэт уулсын дундуур сүлжих замаар өгсөн явсаар Увс аймгийн “Увс нуур”, Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн”, “Говь-Алтай” аймгийн “Хантайшир” дэвжээний галын бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хэрхэн чамбайруулж байгааг сурвалжиллаа. Эхлээд улсын баяр наадмын зүлэг ногоон талбайд сүүлийн жилүүдэд одтой наадсан “Увс нуур” галынхантай уулзав. Увсын бөхчүүд хотоос 60 км зайтай “Цонжин Болдог” жуулчны баазаас холгүй орших Харзтайд наадмын бэлтгэлээ хийж байна. 1998 онд Төв аймгийн Эрдэнэ сумын уул, ус тэгширсэн газарт “Увс нуур” галынхан анх гал болон гарсан аж. Тухайн жилийн наадмаар Б.Ганбат арслан өөрийн багш, дархан аварга Х.Баянмөнхөөр тав давж улсын цолтны эгнээг тэлж байсан түүхтэй юм.

Үүнээс хойш тус галынхан Гачууртын аманд хоёр, Төрхурахад нэг удаа наадмын бэлтгэлд гарсан байна. Харин бусад жилд Харзтайд гарчээ. “Увс нуур” галын бөхчүүд шинэ зуун гарснаас хойших 16 наадмын долоод нь түрүүлж, дөрөвт нь үзүүрлэсэн бахдам амжилттай яваа. Түүнчлэн тэгш ойн баяр наадмаар зөвхөн Увсын бөхчүүд түрүүлдэг гэсэн яриа ч гарах болсон. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болох тул 1024 бөх зодоглох билээ. Энэ бол бөхчүүдийн хувьд цолтой нь цолоо ахиулж, цолгүй нь цол хүртэх том боломж. Мөн түрүү, үзүүрт үлдэх бөхийн таамагт дээрх аймгийн харьяат, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын харцага Ө.Бат-Орших нар нэрлэгдээд байгаа. Тэднээс П.Бүрэнтөгс энэ жил тун өнгөтэй байгаа. Арслан сүүлийн нэг жилийн хугацаанд заалны барилдаанд хамгийн олон түрүү авсан.

Өнгөрсөн жилийн наадмаар аварга цолны даваанд торолгүй хүрсэн түүнд энэ жил зорилгодоо хүрэх зиндаа бий. Тэрбээр өнгөрсөн жил үзүүрлэсэн амжилтаараа Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, Д.Азжаргал нарын өмнө ам авах эрэмбэтэй болсон. Мөн заалны барилдаанд өндөр цолтой бөхийн аранга болоод буй Т.Баасанхүү начны бэлтгэл ч ид жигдэрч байна. Тус галаас улсын цолонд хүрэх хэд хэдэн залуу бий. Тодруулбал, аймгийн хурц арслан О.Гантулга, Н.Жаргалбаяр, Б.Ганзориг, Ц.Мөнхбаяр, Х.Оргилболд, Д.Тогтохжаргал нарыг нэрлэж болох юм.  

“Увс нуур” галын бөхчүүд 07:00 цагт кросст гүйж, 16:00 цагт барилдааны үндсэн техникээ давтдаг гэсэн. Зарим өдөр хүчний дасгал хийж, спорт тоглоом тоглож байгаад турникинд суниаж бэлтгэлээ дуусгадаг аж. Галын бөхчүүд бороотой үед бэлтгэл сургуулилт хийхдээ зориулж сэндвичин заал барьж дуусгасан байна. Тус зааланд биеийн хүчний бэлтгэл сургуулилт хийхэд зориулагдсан штанг, гантел гээд дутах зүйл энд алга. 21:00 цагт оройн тоондоо жагсаж, төрийн дууллаа дуулаад зогсохгүй “Увс нуур” дуугаа дуулснаар нэг өдрийн бэлтгэлээ жаргаадаг байна. Улсын арслан Б.Ганбат дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагч болоод нэлээн хэдэн жилийг үдсэн ч энэ жилээс галаа анх удаа ахалж байна.

Наадмын бэлтгэл удирдана гэдэг амаргүй ажил. Бэлтгэлийн үеэр бөхчүүдийн унтах, босох, хооллох нь хүртэл цаг, минутаар хэмжигдэх нарийн дэг жаягтай билээ.

Үргэлжлэл бий ...

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Увс нуур” галыг улсын арслан Б.Ганбат анх удаа ахалж байна   
Үзсэн: 4996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
А.Буянтогтох [202.70.46.xxx] 2016-09-06 20:58
Увс нуур галын гүйцэтгэх захиралаар ажилласан Соёлын гавъяат зүтгэлтэн Дарамсэдийн Цэрэнсамбуу маш сайн ажиллаж байсныг Батжаргалын Ганбат үргэлжүүлэн сайн ажиллахыг хүсэн ерөөе. Би өөрийнхөө бичээд хэвлүүлэхээр бэлтгэж байгаа номынхоо Сонгомол, Чөлөөт, Самбо, Сонирхогчдийн болон мэргэжлийн Сумо бөхөөр амжилттай барилдаж спортын дэд мастераас дээш амжилт үзүүлсэн залуу бөхчүүдийг орхисон байж болзошгүй хэмээн эмээж миний нэр дээр зураг, амжилтын мэдээлэлээ илгээнэ үү. Номоо 9 дүгээр сарын 15-аар хэвлэлтэнд өгөхөөр зэхэж байгааг анхааралдаа авна уу? Надтай холбоо барих утас 94157709, 91157709, 89157705 дараа дараагийн өдрүүдэд номын танлцуулгын талаар тавих болгоно.
Uvskun [84.129.5.xxx] 2016-07-29 02:04
manai uvsiin buksuud bugd unaad duuslaa yamar bandiin yam bee
П [202.70.34.xxx] 2016-07-12 23:09
Сайхан бичжээ

Бидэнтэй нэгдээрэй