Шууд Chart

Бразилын нисэх буудлуудын аюулгүй байдлыг чангатгана

2016-06-30 14:31:16

Истанбулын халдлагатай холбогдуулан Бразилын эрх баригчид “Рио-2016” наадмыг зохион байгуулах хугацаанд нисэх буудлуудынхаа аюулгүй байдлыг чангатгахаар шийдвэрлэлээ. Сар гаруйхны дараа Рио де Жанейро хотод эхлэх зуны олимп, паралимпийн наадамд олон улсын 10 мянга гаруй тамирчин, 500 мянга гаруй жуулчин хуран цугларах тооцоо байна. Энэ үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Бразилын нисэх буудлуудад өндөржүүлсэн хамгаалалт гаргана гэж тус улсын зам тээврийн сайд мэдэгдлээ.

Олон улсад террорист халдлага шил дараалан гарч байгаатай холбогдуулан “Рио-2016” наадмыг зохион байгуулагчид аюулгүй байдлын асуудалд өндөр ач холбогдол өгч байна. Энэ хүрээнд Риогийн олимпийн үеэр дэг журам сахиулах, болзошгүй халдлагаас сэргийлэхэд аюулгүйн хүчний 85 мянган албан хаагчийг дайчлахаар болжээ. Мөн 55 орны 250 цагдаа Бразилын хууль сахиулах хүчнийхэнд дэмжлэг үзүүлэх юм байна. Эдгээр цагдаа спортын цэнгэлдэх хүрээлэнгүүд, жуулчдын төвлөрсөн бүс, томоохон зам, гудамжууд болон нисэх буудлуудад дайчлагдана.

Үүнээс гадна Олимпийн наадамд оролцох сайн дурын ажилтнууд, сэтгүүлчид болон бусад албаныхны хувийн мэдээллийг нарийвчлан шалгаж байна. Шалгалтад 400 мянга гаруй хүн хамрагдаад байгаагийн 7.262 нь тэнцээгүй байна. Аюулгүй байдлын шалгалтад унасан эдгээр хүмүүст “Рио-2016”-гийн өргөн чөлөөнүүдэд нэвтрэх эрх олгохгүй юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Бразилын нисэх буудлуудын аюулгүй байдлыг чангатгана  
Үзсэн: 1726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй