Шууд Chart

Европын холбооны дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

2016-06-30 16:17:40

Бельгийн нийслэл Брюссель хотноо Европын холбооны хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө. Их Британи Европын холбоог орхихоор болсон асуудал энэ удаагийн уулзалтын гол сэдэв байлаа. Уулзалтын хоёр дахь өдөр 28 орны удирдагчид Их Британи, Европын холбооны цаашдын харилцааны талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск цагаачдын шилжилт хөдөлгөөний талаар хатуу байр суурь илэрхийллээ.

Их Британид цагаачдын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж, нутгийн иргэдээс ажлын байрыг нь булааж байна гэх үзэл газар авсан нь британичууд Европын холбооны эсрэг санал өгөх нэг гол шалтгаан болсон юм. Цаашид Их Британи Европын нэгдсэн зах зээлийн бүрэлдэхүүн хэсэг байхыг хүсвэл цагаачдын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох ёсгүй гэдгийг Дональд Туск анхааруулжээ. Герман, Францын удирдагчид ч дээрх анхааруулгатай санал нэгдэж, Европын холбооны иргэдийн шилжилт хөдөлгөөний эрх чөлөөг хааж, боогдуулахын эсрэг байгаагаа хатуу мэдэгдсэн байна.

Ирэх аравдугаар сард огцорно гэдгээ зарласан Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ асуудлыг шинэ Ерөнхий сайдын мэдэлд үлдээнэ гэдгээ хэлж байна. Европын холбооны удирдагчид Их Британи тус холбоог орхих тухай асуудлыг хэлэлцэхийн тулд ирэх есдүгээр сарын 16-нд Словакийн нийслэл Братислав хотноо дахин уулзахаар тогтсон байна. Тус уулзалтад Их Британийн төлөөллийг оролцуулахгүй гэдгээ Дональд Туск мэдэгдлээ. Их Британи Европын холбоог орхих үйл явцыг албан ёсоор эхлүүлээгүй тохиолдолд тус улсын төлөөллийг оролцуулсан албан болон албан бус ямар ч хэлэлцээ хийхгүй гэдэгт Европын холбооны удирдагчид хатуу санал нэгдсэнтэй энэ нь холбоотой юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Европын холбооны дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө  
Үзсэн: 2229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй