Шууд Chart

Гурван талт чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээ удааширч байна

2016-07-02 12:29:48

БНХАУ, БНСУ, Японы төлөөлөгчид 3 талт чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлаар Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо 2 өдрийн уулзалт зохион байгуулсан байна. Лхагва гарагт өндөрлөсөн тус уулзалтаар талууд гаалийн татварыг харилцан бууруулах шийдтэй тохиролцоонд хүрч чадсангүй.

Хятад, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид чөлөөт худалдааны гэрээ байгуулахын тулд 2012 оноос хойш өнөөг хүртэл 10 удаагийн уулзалт хэлэлцээ зохион байгуулаад байна. Гэвч талуудын байр суурийн зөрүүнээс үүдэн хэлэлцээнд дорвитой ахиц гарахгүй байна гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар гурван орны төлөөлөгчид Их Британи Европын холбоог орхихоор шийдвэрлэсэн нь дэлхийн эдийн засгийн хэтийн ирээдүйг таамаглахад бэрх болгож байгааг онцлоод, чөлөөт худалдааны яриа хэлэлцээг эрчимжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна.

Гэхдээ гурван орны төлөөлөл ямар бараа бүтээгдэхүүнийг чөлөөт худалдааны гэрээнд хамруулж, татвараас чөлөөлөх талаар байр суурийн зөрүүтэй хэвээр байна. Япон, Өмнөд Солонгосын зүгээс өргөн салбарыг хамарсан чөлөөт худалдааны гэрээ байгуулах санал гаргасан ч, Хятад улс дотоодын үйлдвэрүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс үүний эсрэг саналтай байна. Хятад, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид 3 талт чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлаарх дараагийн хэлэлцээг Хятад улсад зохион байгуулахаар тохиролцжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Гурван талт чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээ удааширч байна  
Үзсэн: 2050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй