Шууд Chart

Японд 18 настнууд анх удаа сонгуульд оролцоно

2016-07-02 14:43:18

Ирэх сарын 10-д Япон улсын парламентын дээд танхимын сонгууль зохион байгуулагдана. Японы энэ оны сонгууль хэд хэдэн талаараа өмнөх жилүүдийн сонгуулиудаас ялгарч байна. Тухайлбал, Японы хууль тогтоогчид сонгуулийн эрх бүхий иргэдийн насны доод хязгаарыг 20 наснаас 18 нас болгон бууруулсан юм. Ингэснээр Японы санал өгөх эрхтэй 104 сая иргэн дээр 18, 19 насны 2.4 сая иргэн нэмэгдэж, анх удаа сонгуульд оролцох гэж байгаа юм. Японд эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхийг нээсэн 1945 онд сонгуулийн насны босгыг 25-аас 20 нас болгон бууруулж байсан түүхтэй. Үүнээс хойш 70 гаруй жилийн турш Японы сонгуульд оролцох насны босгод өөрчлөлт оролгүй өнөөг хүрсэн юм.

Японд 18 настай иргэд сонгуульд оролцсоноор тус улсын сонгуулийн насны босго дэлхийн улс орнуудын 90 орчим хувьтай адил болж байна. Японы залуучууд дунд сонгуулийн идэвх буурах хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон. Тухайлбал 20-29 насны иргэдийн 33 буюу түүнээс доош хувь нь 2014 оны бүх нийтийн сонгуульд санал өгөх эрхээ эдэлсэн байна. 60-аад настнуудын 68 хувь, 70-аад настнуудын 60 хувь нь тус сонгуульд оролцсонтой харьцуулбал дээрх үзүүлэлт чамлалттай байгаа юм.

Иймээс энэ онд Японы эрх баригчид залуучуудын сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, олон зуун сургууль, мөн их дэлгүүр, метроны буудал зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудад урьдчилсан санал хураах цэг ажиллуулахаар болсон байна. Мөн энэ онд Японы сонгуулийн тойргуудыг шинэчлэн хувааж, хүн ам шигүү суурьшсан бүсүүдээс сонгогдох хууль тогтоогчдыг нэмсэн, үүгээрээ Японы иргэдийг хууль тогтоогчид илүү жигд төлөөлөх боломж бүрдсэн гэдгээрээ онцлог байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японд 18 настнууд анх удаа сонгуульд оролцоно  
Үзсэн: 2057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй