
Манай сайтын сурвалжлах хэсэг өмнө нь Увс аймгийн “Увс нуур” бөхийн галын сурвалжлагыг уншигч танаа хүргэсэн билээ. Энэ удаад Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” галын бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийж байгааг сонирхуулъя.
Тэд Увс аймгийн “Увс нуур” галтай айлсан буужээ. Баян-Өлгий аймгийн хүчтэнүүд энэ жил анх удаа бие даан наадмын бэлтгэлд гарч байгаа нь энэ аж. Тус галыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат аймгийн арслан К.Канад ахалжээ. Тэд өмнө нь өөрсдийн харьяаны спорт холбоодод хуваагдан наадмын бэлтгэлээ хийдэг байсан юм билээ.
Өлгийчүүдээс улсын цолонд хамгийн ойрхон гэгддэг нь аймгийн арслан Б.Серик, Ц.Баатарцол, Н.Мустафа, М.Еркебулан, аймгийн харцага У.Береке нар юм.
Тус галын ахлагч К.Канад “Увс нуур” бөхийн галын ахлагч, улсын арслан Б.Ганбатаас зөвшөөрөл авч хамт бэлтгэл хийх болсон. Хоёр галын бөхчүүд өнгөрсөн сарын 11-нд бэлтгэлээ эхлүүлсэн” гэлээ.
Баян-Өлгийн галд аймаг, сумын цолтой 30 гаруй бөх бэлтгэлд хамрагдах ёстойгоос одоогоор 20-иод нь ирээд байгаа аж.
К.Канад “Увс нуур” бөхийн галын ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Б.Ганбатаас хамт бэлтгэл хийх зөвшөөрөл авахад сайхан хүлээж авсан. Манайх улсын цолонд ойрхон гурван бөхөө тус галд бэлтгэл хийлгэж байгаа. “Увс нуур” галынхан сүүлийн дөрвөн жил бараг тасралтгүй улсын наадмын түрүүг авсан. Тиймээс манай бөхчүүдэд маш их хичээл, сургуулилт болно” хэмээн ихэд олзуурхаж буйгаа дуулгасан.
Бөхчүүдэд элдэв зүйлд санаа зоволгүй зөвхөн бэлтгэл сургуулилт хийх боломжийг нь бүрдүүлж өгсөн “Цомбо” компанийн дэд захирал К.Ерок, “Алтайн шарга” компанийн захирал Ө.Арманбек нарт баярлаж байгаагаа дамжуулахын зэрэгцээ тэднийхээ сайхан сэтгэлийн хариуд улсын цол хүртэж бэлэг барихаар хичээж буйгаа нуусангүй.
Баян-Өлгий аймгаас 1982 оны улсын баяр наадамд зургаа давж харцага цол хүртсэн О.Бахытаас хойш 34 жилийн хугацаанд дахин нэг ч бөх улсын цол хүртээгүй. Энэ байдлыг нутаг орных нь зүгээс дэмжих дэмжлэг сул байгаатай холбоотой гэх хүн ч олон байв.
Өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө Баян-Өлгий аймгаас улсын начин цолтон төрвөл нисдэг тэргээр байлна хэмээн шуугиж байсан билээ. Их өртөг зардал гарган урамшуулах нь сайн хэрэг ч нутгийнхан нь бөхчүүдийнхээ цолонд хүрэх замд дэмжлэг үзүүлэх нь үүнээс илүү чухал болов уу. Наадмын бэлтгэлд гарсан галд хөрөнгө мөнгөнөөс эхлээд дэмжлэг их хэрэг болдог юм билээ.
“Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн “Увс нуур” галтай айлсан буужээ | ||
Үзсэн: 3241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.