Шууд Chart

Австралийн парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

2016-07-04 16:41:54

Өнгөрсөн бямба гарагт зохион байгуулагдсан Австралийн парламентын дээд, доод танхимын сонгуулийн урьдчилсан дүн гарсан байна. 11 сая сонгогчийн саналыг тоолсны дараах байдлаар парламентын доод танхимд Хөдөлмөрийн нам 71 суудлаар хошуучилж, эрх баригч Либерал-Үндэсний эвсэл 67 суудалтайгаар нэхэж байна. Мөн бие даан нэр дэвшигчид, жижиг нам хүчнүүд энэ оны сонгуульд урьд байгаагүй их санал авсан гэдгийг ажиглагчид онцолж байна.

Тодруулбал, Австралийн иргэдийн 25 орчим хувь нь гуравдагч нам хүчний нэр дэвшигчид саналаа өгчээ. Австралийн парламентын доод танхим нийт 150 суудалтай бөгөөд 76 суудал эзэмшсэн нам засгийн газрыг дангаар бүрдүүлэх боломжтой юм. Австралийн 2 гол хүчний аль нь ч дээрх босгыг одоогоор хангаагүй байна. Гэсэн хэдий ч Австралийн одоогийн ерөнхий сайд Малкольм Тернбулл өөрийн тэргүүлдэг Либерал-Үндэсний эвслийг олонх болж, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулна гэдэгт итгэл төгс байгаагаа сая мэдэгдлээ.

Мөн хоёр гол нам олонх болж чадалгүй, Засгийн газар бүрдүүлэх асуудал гацаанд орох магадлал байгааг шинжээчид хэлж байна. Одоогоор Австралийн парламентын доод танхимын 12 суудлын хувь заяа тодорхойгүй байгаа. Урьдчилан болон шуудангаар санал өгсөн сонгогчдын саналыг маргааш үргэлжлүүлэн тоолж, эдгээр суудлын ялагчдыг тодруулна. Харин Австралийн парламентын дээд танхимын санал тооллого дуусахад дахин хэдэн 7 хоног шаардлагатай юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Австралийн парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа  
Үзсэн: 1769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй