Шууд Chart

Саудын Арабын гурван хотод цуврал халдлага гарчээ

2016-07-05 11:35:11

Рамадан сар өндөрлөх дөхөж, исламын шашинтнууд Эйд аль-Фитр баяртаа бэлдэж байх хооронд алан хядагчдын халдлага дайралт улам эрчимжиж байна. Өнгөрсөн ням гарагт Иракийн нийслэл Багдад хотноо гарсан халдлагад амь үрэгдэгсдийн тоо 165-д хүрээд байгаа энэ үеэр Саудын Арабын хэд хэдэн цэгт амиа золиослогч этгээдүүд тэсрэх бөмбөг дэлбэлжээ.

Исламын шашны 2 дахь ариун хот болох Мединад зөнч Мухаммедийг оршуулсан сүмийн дэргэд эхний дэлбэрэлт болсон байна. Энэ үеэр аюулгүйн хүчний албан хаагчдаас 4 хүн амь үрэгдэж, 5 хүн шархадсан талаар Саудын Арабын дотоод хэргийн яам мэдээллээ. Үүнээс гадна Саудын Арабын баруун хэсэгт оршдог АНУ-ын консулын газрын ойролцоо амиа золиослогч халдлага үйлдсэн байна. Мөн Персийн булан дахь Катиф хотын шийт урсгалын сүмийн ойролцоо 2 дэлбэрэлт болсон ч, эдгээр халдлагад азаар хүний амь нас хохиролгүй өнгөрчээ.

Саудын Арабын ард иргэдийн дийлэнх хэсэг исламын шашны хамгийн том урсгал болох сунит урсгалыг дагадаг ч тус улсын зүүн хэсэгт шийт шашинтнууд мөн амьдардаг юм. Одоогоор цуврал халдлагын хариуцлагыг аль ч бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд Бангладеш, Иракт гарсан халдлагын хариуцлагыг хүлээсэн сунитын хэт даврагч “Исламын улс” алан хядагч бүлэглэл энэ удаагийн халдлагын цаана байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Саудын Арабын гурван хотод цуврал халдлага гарчээ  
Үзсэн: 1590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй