Шууд Chart

Ху Жинтаогийн туслахад бүх насаар нь хорих ял оноолоо

2016-07-05 11:46:43

БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн туслах Лин Жихуаг авлига хээл хахуулийн хэрэгт буруутгаж, хэрэг үүсгээд байсан. Түүнийг шүүх ажиллагаа өчигдөр өндөрлөж, Тяньжин хотын шүүх Лин Жихуад  бүх насаар нь хорих ял оноолоо.

Хаалттай хаалганы цаана өрнөсөн шүүх ажиллагааны дүнд Лин Жихуаг авлига хээл хахууль авсан, хууль бус замаар төрийн нууцад нэвтэрсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутай гэж тогтоосон байна. Лин Жихуа гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн талаар Хятадын төрийн мэдлийн төв телевиз уламжиллаа.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Лин Жихуа төрийн дээгүүр албан тушаал хаших хугацаандаа 77 сая юань, өөрөөр хэлбэл, 12 сая америк долларын хээл хахууль авч, хариуд нь найз нөхдөдөө давуу байдал олгох зэрэг зөрчил гаргасан байна. Үүнээс гадна их хэмжээний төрийн нууцыг хууль бусаар олж авч, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутай гэж шүүхээс тогтоожээ. Та бүхэнд сануулахад, Ху Жинтаогийн шадар туслах Лин Жихуаг 2012 онд эхэлсэн авлига, хээл хахуультай тэмцэх кампанит ажлын хүрээнд Коммунист намын Төв хорооны Ерөнхий газрын даргын албан тушаалаас нь огцруулж, мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Түүнийг ийнхүү мөрдөн шалгах болсон нь Хятад улсын эрх барих албан тушаалтнуудыг шинэчлэн сонгох хугацаа ойртож байсантай холбоотой гэж зарим шинжээч тайлбарладаг. Мөн Лин Жихуагийн хүү Феррари авто машинтайгаа хурд хэтрүүлж яваад осолд орсон шуугиант хэрэг түүнийг мөрдөн шалгаж эхлэхэд нөлөөлсөн гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ху Жинтаогийн туслахад бүх насаар нь хорих ял оноолоо  
Үзсэн: 1906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.121.xxx] 2016-07-06 04:05
huuhduuddee helehgui arai l ih bayarhaad bsan yumaa.il bgaa ni ene...

Бидэнтэй нэгдээрэй