Шууд Chart

Хилийн чинадад үндэсний хувцсаа өмсөхөөс зайлсхийхийг зөвлөжээ

2016-07-05 12:02:51

Арабын Нэгдсэн Эмират улс гадаад оронд зорчих гэж байгаа иргэддээ үндэсний хувцсаа өмсөхөөс зайлсхийх тухай зөвлөмж гаргасан байна. Сүүлийн саруудад террорист халдлага дайралт олширсноос араб үндэсний хувцастай хүмүүсийг исламын шашны хэт даврагч гэж андуурах, сэжиглэх тохиолдол цөөнгүй гарч байгаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд, АНУ-ын Охайо муж улсад Арабын Нэгдсэн Эмират улсын бизнес эрхлэгч үндэсний хувцсаа өмсөж явснаас цагдаа нарт саатуулагджээ. Орон нутгийн хэвлэлүүдийн уламжилснаар Ахмед аль-Менхали гэх тус эрэгтэйг зочид буудлын ажилтан "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэн, цагдаад хандсан байна.

Менхалиг баривчлах, нэгжих үеэр цагдаа нар шаардлагатай хэмжээнээс давсан хүч хэрэглэсэн нь Арабын Нэгдсэн Эмират улсад нэлээд шуугиан тариад байгаа юм. Энэ явдлын бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэнээс нэг хоногийн дараа буюу өнгөрсөн бямба гарагт Арабын Нэгдсэн Эмират улсын дотоод хэргийн яам хилийн чинадад араб үндэсний хувцас өмсөхгүй байх зөвлөмж гаргасан байна. Мөн дараа өдөр нь тус яам аюулгүй байдлын үүднээс нүүрний халхавч зүүхийг хориглосон орнуудын хууль тогтоомжийг хүндэтгэх, дагаж мөрдөхийг иргэддээ уриалжээ.

Европ тивээс Франц улс исламын шашинт эмэгтэйчүүдийн нүүрний халхавчийг анх хориглосон орон. Тус хуулийг зөрчсөн эмэгтэй торгуулах эрсдэлтэй. Мөн эмэгтэйчүүдийг нүүрний халхавч өмсүүлэхээр хүчилсэн этгээд 30 хүртэлх мянган еврогийн торгууль төлөх, 1 жил хорих ял сонсох ч боломжтой юм. Үүнээс гадна Чад, Бельги, Нидерланд, Египет, Швейцарь, Итали гэх мэт улсын нутаг дэвсгэр даяар, эсвэл тодорхой хэсэгт нүүрний хаалтанд хориг үйлчилж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хилийн чинадад үндэсний хувцсаа өмсөхөөс зайлсхийхийг зөвлөжээ  
Үзсэн: 1672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй