Шууд Chart

"Жуно" судалгааны хөлөг өнөөдөр Бархасбадь гарагийн үүлэн давхаргад нэвтэрнэ

2016-07-05 12:16:45

Энэ оны сансар судлалын салбарын хамгийн чухал үйл явдал энэ 7 хоногт тохиож байна. Тодруулбал, 2011 онд АНУ-ын Сансар судлалын агентлаг Бархасбадь гарагийг судлах зорилгоор хөөргөсөн "Жуно" судалгааны хөлөг 5 жил амжилттай аялсны эцэст зорьсон газартаа хүрч, Бархасбадийн үүлэн давхаргад өнөөдөр нэвтрэх гэж байна.

Эрдэмтдийн тооцоолсон ёсоор "Жуно" хөлөг нарны аймгийн хаан Бархасбадь гарагийн асар хүчтэй таталцлыг тэсвэрлэж, үүлэн давхаргынх нь 4700 км гүнд амжилттай нэвтэрч чадвал ирэх 18 сарын хугацаанд Бархасбадийн туйлуудыг тойрон эргэж, тус гарагийн татах хүч, соронзон орон, уур амьсгалын талаар цоо шинэ мэдээллүүдийг цуглуулах юм. Харин Бархасбадийн үүлэн давхаргад нэвтрэх ажиллагаа амжилтгүй болвол НАСА-гийн 1 тэрбум 130 сая америк долларын өртөгтэй судалгааны төсөл салхинд хийснэ.

Та бүхэнд сонирхуулахад, "Жуно" хөлөг харьцангуй тойруу замаар аялж, нарны аймгийн тав дахь гараг болох Бархасбадид хүрэхийн тулд 2.8 тэрбум километр замыг туулсан юм. Бархасбадь гарагийн татах хүч, соронзон орон нарны аймгийн гарагуудынхаас хамгийн хүчтэйд тооцогддог учраас тус гарагийн туйлын туяа ч дэлхийнхээс хэд дахин хурц байдаг.

Энэ гайхамшигтай гэрлийн үзэгдлийг "Жуно" хөлөгийн өнгөт камер ойроос судлах юм байна. Мөн эрдэмтэд алсын ажиглалтаар өнөөг хүртэл хариулж чадаагүй асуултууд, тухайлбал, аварга том хийн гараг гэгддэг Бархасбадийн цөм хатуу төлөвтэй эсэх, мөн тус гарагт хүчилтөрөгч, усны нөөц хэдий хэмжээтэй оршдогийг судлах боломжтой. Ингэснээр дэлхий болон нарны аймгийн бусад гарагийн үүсэл гарал, хувьсал өөрчлөлтийн тухай онолд чухал дэвшил авчирна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Жуно" судалгааны хөлөг өнөөдөр Бархасбадь гарагийн үүлэн давхаргад нэвтэрнэ  
Үзсэн: 2363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.55.191.xxx] 2016-07-13 07:22
юу болсон болоо? шинэ мэдээлэл юу байгаа вэ?
Akbar Giting [202.55.183.xxx] 2016-07-05 16:14
Yostoi goy medeelel ogsond bayarlalaa.Yg Mongol orchuulgatai medeelel l heregte bsan yum

Бидэнтэй нэгдээрэй