Шууд Chart

БНХАУ өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилтаа эхэллээ

2016-07-06 15:07:52

Азийн олон орон газар нутгийн маргаантай бүс нутаг болох Өмнөд Хятадын тэнгист БНХАУ өчигдөр цэргийн сургуулилтаа эхэллээ. Хятадын далай тэнгисийн аюулгүй байдлын захиргааны мэдээлснээр тэнгисийн цэргийн тус сургуулилт энэ сарын 11-нийг дуустал 7 хоногийн хугацаатай үргэлжлэх юм байна.

Албаны мэдээллээс үзэхэд, Хятадын хөлөг онгоцууд Хайнань арлын зүүн зүгээс авхуулан Параселийн арлуудыг хамарсан өргөн уудам нутагт сургуулилж байна. Сургуулилтын хамарч байгаа бүс нутагт бусад улс орон хөлөг онгоцоо илгээхгүй байхыг Бээжин анхаарууллаа. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх бүс нутгийг өөрийн эзэмшил газар нутаг хэмээн маргаж, тухайн бүсэд хиймэл арал байгуулан, тогтмол цэргийн сургуулилт зохион байгуулж байгаа юм.

Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанд Хятадаас гадна Вьетнам, Филиппин, Малайз, Бруней зэрэг улс, мөн Тайвань арал оролцдог. Энэ маргааны асуудлаар Филиппиний засгийн газар Хятадын эсрэг зарга үүсгэснийг Гааг дахь олон улсын арбитрын шүүх энэ сарын 12-нд шийдвэрлэхээр тогтсон юм.

Үүнийг угтан Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт хурцадмал байдал даамжирч, Хятад улс тэнгисийн цэргийн сургуулилт зохион байгуулж байгааг хэвлэлүүд онцолж байна. Өмнөд Хятадын тэнгис стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгаас гадна эрчим хүч, далайн ан амьтдын баялаг нөөцтэй. Тус бүс нутгаар жил бүр далайн нийт ачаа тээврийн 90 гаруй хувь буюу 5 их наяд америк долларын бараа дамжин өнгөрдөг юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилтаа эхэллээ  
Үзсэн: 1764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй