Шууд Chart

Жон Керри Гүрж, Украинд айлчилж байна

2016-07-07 17:21:44

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Гүрж, Украинд айлчилж байна. Маргааш НАТО-гийн холбоотнууд Польшийн нийслэл Варшав хотноо дээд хэмжээний уулзалтаа эхэлнэ. Энэ уулзалтыг угтсан Зүүн Европ дахь айлчлалынхаа хүрээнд Керри аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурж, АНУ-аас Гүржийн аюулгүйн хүчинд үзүүлдэг бэлтгэл сургуулилт, зэр зэвсгийн тусламж дэмжлэгийг нэмэгдүүлж байна.

Үүний дараа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Украин улсыг зорьж, мөн аюулгүй байдлын салбарт дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэх юм. Стратегийн чухал ач холбогдол бүхий газрын тос, байгалийн хийн хоолойнууд нутаг дэвсгэрээр нь дайран өнгөрдөг Гүрж улс 2008 онд Оростой 5 хоног дайтаж, ялагдал хүлээсэн түүхтэй.

Украины хувьд 2014 онд ОХУ Крымын бүс нутгийг өөртөө нэгтгэн авсны дараа Москватай дайсагнасан харилцаатай байсаар өнөөг хүрсэн юм. НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг угтан Керри Гүрж, Украинд айлчилж байгаа нь эдгээр улсын аюулгүй байдалд АНУ, НАТО чухал ач холбогдол өгнө гэх сануулгыг ОХУ-д илгээх зорилготой гэж Америкийн албаны хүн мэдэгдсэн байна.

Керри өнөөдөр Украинд айлчилсныхаа дараа Варшавт хүрэлцэн очиж, Ерөнхийлөгч Барак Обамагийн хамтаар НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Жон Керри Гүрж, Украинд айлчилж байна  
Үзсэн: 2107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй