Шууд Chart

Халимны нүүдлийг үзэх гэсэн жуулчид Аргентин улсын өмнөд эргийг зорьж байна

2016-07-08 09:00:00

Өмнөдийн сэрвээгүй халимны саяхан эхэлсэн нүүдлийг үзэж сонирхохоор олон орны жуулчид Аргентины өмнөд эргийг зорьж байна. Өмнөд туйлын ойролцоо нутагладаг өмнөдийн сэрвээгүй халимууд жил бүрийн 6-р сард үр зулзагаа төрүүлэхийн тулд дулаан бүс нутгийг зорьдог. Аргентины Эл-Дорадилло эрэг эдгээр ховордсон халимнуудын зорьдог тусгай хамгаалалттай цөөн бүсийн нэг юм.

Мөн Эл-Дорадилло эрэгт халимнуудыг сайтар ажиглах боломжийг бүрдүүлж өгсөн байдаг учраас жил бүр Аргентины бусад бүс нутаг, мөн хилийн чанадаас жуулчид олноор цуглардаг байна. Холбогдох албаныхны мэдээлснээр өмнөдийн сэрвээгүй халимууд үр зулзагаа төрүүлснийхээ дараа хөхөөр хооллож, 6-р сараас 11-р сарыг хүртэл Эл-Дорадилло эргийн ойролцоо амьдардаг юм байна. Эдүгээ дэлхий дээр 10,000 гаруй өмнөдийн сэрвээгүй халим амьдардаг гэх тооцоо бий.

Халим агнуурыг хориглосноос хойш өмнөдийн сэрвээгүй халимны тоо толгой жил бүр 7 хувиар эрчимтэй өсч байгаа юм. Ховордсон зүйлийн нэг болох өмнөдийн сэрвээгүй халимны нүүдлийг Аргентинаас гадна Австрали, Бразил, Чили, Өмнөд Африк, Намиб, Мозамбик, Перу, Уругвай, Мадагаскар, Шинэ Зеландын өмнөд эрэгт алсаас ажиглах боломжтой байдаг байна. Нас бие гүйцсэн өмнөдийн сэрвээгүй халим дунджаар 15,2 метр урт, 60 хүртэлх тонн жинтэй байдаг юм байна.

Энэ нь хуурай газрын амьтнаар зүйрлэвэл Африкийн 10 заантай тэнцэх жинтэй гэсэн үг. Халимны шинэхэн мэндэлсэн тугал эхээсээ өдөрт 600 литр сүү хөхдөг гэх тооцоо мөн байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Халимны нүүдлийг үзэх гэсэн жуулчид Аргентин улсын өмнөд эргийг зорьж байна   
Үзсэн: 1853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй