Шууд Chart

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ

2016-07-08 17:07:33

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг угтан Польшийн нийслэл Варшав хотноо хүрэлцэн очсон байна. Ирэх оны нэгдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах Барак Обамагийн хувьд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа оролцох гэж байгаа нь энэ юм. Энэ удаагийн уулзалтад ОХУ-ын аюул занал, Европ тивийг тогтворгүйжихэд хүргэсэн дүрвэгчдийн хямрал, Их Британи Европын холбооны гишүүнчлэлээсээ татгалзсан явдал зэрэг хэлэлцэх асуудлын төвд байгаа юм.

Үүнээс гадна Турк улс дахь НАТО-гийн өмнөд хил дагуу Сирийн зарим бүсийг "Исламын улс" алан хядагч бүлэглэл хянаж байгаа нь НАТО-гийн удирдагчдын анхаарал хандуулах бас нэг сэдэв байна. Эдгээр асуудлаар Барак Обама Умард Атлантын гэрээний байгууллагуудын түншүүдтэйгээ санал солилцоно гэдгийг Цагаан ордон мэдээлсэн байна.

Энэ лхагва гарагт Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Сирид терроризмын эсрэг цэргийн ажиллагаагаа уялдуулах тухай хэлэлцсэн юм. Гэхдээ хоёр орны удирдагч хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадаагүй тухай Цагаан ордон мөн уламжиллаа. НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр сүүлийн 2 долоо хоногийн гол анхаарал татсан сэдэв Брекситийн талаар эрчимтэй хэлэлцээ өрнөнө гэж ажиглагчид дүгнэж байна.

НАТО-гийн уулзалтаас өмнө Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Европын комиссын дарга Жан-Клод Юнкер нар Обамагийн байрлаж буй зочид буудалд хүрэлцэн очиж, Их Британийн асуудлаар санал солилцох юм байна. Үүнээс гадна энэ оны уулзалт Оросын аюул заналаас сэргийлэх НАТО-гийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж магадгүй гэдгээрээ онцлогтой байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ   
Үзсэн: 1971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй