Шууд Chart

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян бараалхлаа

2016-07-14 14:59:57

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ли Көцян тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд "БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ли Көцян тантай Улаанбаатар хотноо уулзаж байгаад баяртай байна. Өмнө нь таныг Төрийн Зөвлөлийн Шадар сайдаар ажиллаж байх үед Зүүн Хойд Азийн экспо арга хэмжээний үеэр уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан" хэмээн дурдав.

Мөн тэрээр, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны энэ удаагийн айлчлал, АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцож буй явдал манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, бодит хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Улсын Их Хурлын дарга хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалт амжилттай болсонд баяртай байгаагаа дуулгаад, Улсын Их Хурлын зүгээс энэхүү уулзалт, хэлэлцээрийг ажил хэрэг болгоход бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Өнгөрөгч 06 дугаар сард Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль болж, Монгол Ардын Нам олонхийн суудал авч, Засгийн газраа байгуулахаар болсон. Монгол Улс нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү бодлогоо цаашид үргэлжлүүлж, Улсын Их Хурлын зүгээс дотоодын эрх зүйгээ баталгаажуулах, гадаад бодлогын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад анхаарч ажиллах болно гэв.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой дахин уулзаж байгаад баяртай буйгаа илэрхийлээд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нарын халуун мэндчилгээг уламжлав.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн яриа хэлэлцээрийг үр дүнтэй болгоход парламентын зүгээс анхаарна гэдэгт итгэж байна. Уг яриа хэлэлцээрийн үеэр хоёр орны улс төрийн харилцааг хөгжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх талаар ярилцсаны зэрэгцээ тодорхой салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр түлхүү ярилцлаа. Үүнд, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон. Манай улсад үхэр, хонины махны хэрэглээ өндөр байдаг. Монгол Улсаас түүхий эд, мах импортлох сонирхолтой байна. Гэхдээ хорио цээрийн дэглэмийн асуудал байдаг учраас Монгол Улсад үйлдвэр болон эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулвал уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ингэснээр Монгол Улсад ажлын байр нэмэгдэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ. БНХАУ-ын зүгээс үйлдвэр байгуулахад техник, технологи, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа. Хоёрдугаарт, барилгын салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлж, гэр хорооллыг барилгажуулах асуудалд манай улс бүхий л талын дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ хоёр чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд мал аж ахуй, барилгын салбарын хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад БНХАУ-ын туршлагыг судлаж, хамтран ажиллах сонирхолтой буйгаа тэмдэглэв. Мөн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь иж бүрэн түншлэлийн харилцааны гол тулгуур. 2020 онд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хангахын төлөө ажиллах нь зүйтэй гэв.

Уулзалтын үеэр талууд транзит тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүнчлэн дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо.


Улсын Их Хурлын дарга М.Энхболдод БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян бараалхлаа  
Үзсэн: 2087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй