Шууд Chart

Япон улсын ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

2016-07-14 22:29:50

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцохоор өнөөдөр хүрэлцэн ирлээ. Төрийн ёслолын журмын дагуу Эзэн Хаант, Парламентын засаглалтай орны Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн хүндэт зочноор хүлээн авдаг уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочныг Эзэн Чингис хааны талбайд хүндэтгэн угтаж, Төрийн хүндэт харуул жагслаа. Үүний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн албан ёсны айлчлал эхэллээ.

Энэхүү айлчлал нь Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийж буй гурав дахь удаагийн айлчлал бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм.

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Ш.Абэтэй дахин уулзсандаа баяртай байгаагаа тэмдэглэж, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсад гурван  удаа айлчилсан Япон улсын анхны Ерөнхий сайд болж байгаад нь баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, итгэлцэл бэхжиж, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэхийн зэрэгцээ Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлов.

Мөн Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэхүү дэмжлэг, тусламж Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад харилцан ашигтай, урт хугацааны эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн “Эрч”, “Эрч нэмэх” санаачилга болон Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг мөн тэмдэглэж, Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс Монголд Улстай харилцах асуудалд онцгой ач холбогдол өгч ирсэнд гүн талархал илэрхийлсэн юм.

Энэхүү айлчлал нь Монгол, Японы уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,  стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх дээд хэмжээний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалахад ач холбогдолтой юм.


Япон улсын ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна   
Үзсэн: 1553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй